Францын яруу найргаас…
Жерар де Нервал
ӨГЛӨӨ САЙХАН ГЭНЭЭ…
Өглөө сайхан гэнээ, юу л бол доо
Орой онцгой гэнэ ээ, бас юу л бол доо
Гэхдээ бүхнийг үгүйсгэж болохгүй шүү дээ
Гэрэл гэгээ өглөө оройн завсарт л оршдог доо
Оройн шаргал наран агшин төдий бадмалчихаад
Ойролцоох уулсын цаагуур шингэж олдоггүйсэн бол
Үүрийн цагаан гэгээг хэн үзэхсэн билээ
Үйлийн үртэй энэ амьдралд хэн дурлахсан билээ
Аз жаргал, архи дарс, амраглал янаглалын тухай
Айзам хэмнэлээр шаглан хичнээн шлэглэж болох ч
Харанхуй шөнийг магтсан дуулал хэлхжэ л яадахгүй нь
Хагацлын гуниг, мартахуйн мананд голоосоо би дургүй
Жак Превер
МЭДЭЭ
Хэн нэгэн хүн хаалга онгойлголоо
Хэн нэгэн хүн хаалгаа хаалаа
Хэн нэгэн хүн сандал дээр суулаа
Хэн нэгэн хүн муур эрхлүүллээ
Хэн нэгэн хүн жимс идлээ
Хэн нэгэн хүн захиа уншлаа
Хэн нэгэн хүн сандал авч шидлээ
Хэн нэгэн хүн хаалгаа чанга хаалаа
Хэн нэгэн хүн хурдны замаар давхилаа
Хэн нэгэн хүн хөглөгөр ой руу орлоо
Хэн нэгэн хүн хүйтэн гол руу үсэрлээ
Хэн нэгэн хүн эмнэлэгт нөгчиж байлаа.
Орчуулсан А.Баасандорж
ИСПАНИЙН ЯРУУ НАЙРГААС
Мигель де Унамуно /1864-1936/
Дуртгалын хорвоод өөрийгөө илгээе би.
Дурсамж болон аж төрье би.
Цаг түүхийн амьгүй цөлд
Царцсан цогцсыг минь, хүсвэл, эрээрэй.
Үхлийн савраас мултарч гараад
Үүрдийн өвчнөөс хагацавч үхнэм.
Амьд явахын хүсэлдээ халууравч
Амьдрал гэдэг аймшигт шаналан.
Чандруу болон шатсан байлаа ч
Чанадын оронд одсонд тооцовч
Нэг л өдөр та нарын гар дээр би
Нэрээ дуудуулж үзэгдэх болно.
Бичсэн номыг минь эргүүлэхдээ
Биед минь та нар хүрэх болно.
Чиний нуруугаар жихүүдэс гүйвэл
Миний бие чичирч байгаа нь тэр шүү.
***
Саламанка, Саламанка,
Хувьхан заяаны мөнх дагуул минь.
Саруул оюуны үр болсон Кастиль нутгийн энх урлал минь
Алт шиг бичээс
Чулуун пайлуурт сийлээстэй.
Алдарт нэрс мартагдаагүй.
Аугаа түүх ч мартагдаагүй.
Эрхэмсэг шүтээн.
Эрдмийн шастир гэрэлтэнэ.
Үхэхийн учиргүй латин
Үгсийн үндсэнд яргана.
Тийм ээ, энэ сургууль
Тэнгэрийн гэрэлтэй хосолно.
Үүр гийх тэнгэр ч гэмээр,
Тэндээс цацрах гэрэл ч гэмээр.
ШҮТЛЭГГҮЙ ХҮНИЙ МӨРГӨЛ
Үл оршигч гэгээн эзэнтээн,
Үглэх мөргөлийг минь сонсогтун.
Ямагт чи тайвшрал бэлэглэнэ.
Явган залиар шархыг анагаана.
Нам гүм шөнө хорвоод айлчлахад
Найдлага хүсэлтэйгээ бодол минь тэмцэлдэхэд
Эрхэмсэг сүрээ үлгэрээр шивнэнэ чи.
Эргэлзээ бүхнийг итгэлээр үлдэнэ чи.
Хорвоо багтаамгүй аугаа гэлээ ч
Хоосон санаа төдий шүү дээ чи.
Үүний чинь төлөө би зовлогоо зовоож
Түмэн шаналлаараа хариулах заяатай.
Бурхдыг зохиосон.
Бодыг олооч, тэнгэр минь.
Би ч гэсэн тэр цагт бодыг олмуу.