А.Тангад: Галчаас гавьяат нисэгч болсон хүн миний ханиас өөр байхгүй
Бүргэд тэнгэртээ хальдаг гэж монголчууд ярьдаг. Үнэхээр тэрээр хөх тэнгэртээ ид хаваа гайхуулан нисч яваад даль жигүүрээ эгнэгт хумьсан юм.
“Бүдрэх чулуугүй тэнгэр гэж бодсон юм сан
Бүргэд минь чи яагаад уначихав даа...” хэмээсэн шүлгийн мөрүүдийг журамт гэргий нь ханийхаа дурсгалд зориулан бичүүлж, дуун хөшөөг нь босгохоор сэтгэл шулууджээ. Монгол Улсын гавьяат нисгэгч Т.Сугар агсны гэргий А.Тангадтай ярилцсанаа уншигчдадаа толилуулж байна.
-Таныг ханийнхаа дурсгалд зориулж багагүй зүйл хийж байгаа гэж дуулсан. Түүний нэг нь энэ дуу юу?
-Тийм ээ. Амьдрал баян болохоор цаг хугацаа яах ийхийн зуур өнгөрч аливааг мартуулж бүдгэрүүлдэг. Гэвч бүдгэрэхгүй гавьяа, мартагдахгүй хүн гэж байдаг. Тийм хүний нэг нь миний хань. Ханийн минь буянд үр хүүхдүүд маань өнөөдөр сайн сайхан явна. Тэр маань биднийгээ тэнгэрээс харж, ивээж байгаа гэдэгт итгэдэг. Тиймээс ханийнхаа гэгээн дурсгалд зориулж дуу бүтээе гэж зорьсон. Ингээд яруу найрагч Д.Өрнөхбаяраар үгийг нь бичүүлээд байна. Дууны шүлэг бидэнд их таалагдаж байгаа. Удахгүй ая зохиолгож, дуугаа дүрсжүүлэн олонд хүргэнэ. Энэ бол миний ханьдаа босгож байгаа нэг хөшөө юм даа. Бас ханийнхаа тухай дурсамжийн номынх нь эхийг бэлтгэж байгаа. Миний хань их олонтой хүн байсан. Олон найз нөхөдтэй, хүнийг сайн муу гэж алагчилж үздэггүй тийм сайхан чанартай. Тиймээс найз нөхөд дотор нь төрийн сайд ч байсан, шоронгийн хоригдол ч байсан. Дурсамжийн номд нь тэр бүх хүмүүсийн дурсамж, дурдатгалыг гээлгүй оруулах сан гэж хичээж, цуглуулж байгаа. Зузаан болох нь хамаагүй. Гол нь талийгаачийн маань тухай эгэл энгийн сайхан дурсамж, чин сэтгэлийн үгс энэ номд багтах учиртай. Одоо номын эх бараг бэлэн болсон. Боломжоороо аль болох олон хувь хэвлээд найз нөхдөд нь бэлэглэнэ гэж бодож байгаа. Энэ ном бол бас л ханийнхаа дурсгалд зориулж босгож байгаа суварга юм.
-Талийгаачийн тухай, нисдэг тэрэгнийхээ өрөөсөн дугуйн дээр буулт хийсэн гэх мэт бараг л үлгэр домог шиг түүх ярьдаг юм билээ. Тэр бүхэн энэ номд нь орсон байх даа?
-Хань маань дурсамжаа бичээд эхэлчихсэн байсан юм. Түүнийг нь баяжуулж гаргах гэж байгаа хэрэг шүү дээ. Дурсамжаа бичиж эхлэхдээ хань маань номдоо олон хүний дурсамж оруулна гэж ярьдаг байсан. Мөн онцгой байдлын албаны талаар нэг өгүүлэл сонинд нийтлүүлэхээр бичиж байгаад дутуу орхисон байгаа. Түүнийг номонд нь оруулна. Номоо өөрөө “Тэнгэрт бичсэн дурдатгалууд” гэж нэрлээд байсан юм. Энэ нэрийг нь өөрчлөхгүй. Хийсэн юмтай хүний тухай бичнэ гэдэг сайхан юм. Байгаа юмыг байгаагаар нь л энэ номд оруулна. Бас радио, телевизээр нэвтрүүлэг бэлтгэх санаа байна. Сайхан нэвтрүүлэг хийнэ гэж бодож байгаа. Яагаад ингэж бардам хэлж байна вэ гэхээр бид хоёрын бичлэг маш их бий. Тэдгээрийг ашиглах юм бол үнэхээр сайхан нэвтрүүлэг болно. Надад телевиз, радиогийн нэвтрүүлэгт ашиглах материал их байгаа. Өвшөн маань хөдөө явахдаа байнга камерь авч явдаг, түүгээрээ зураг авдаг байсан. Тэр нь бий. Манай хүн чинь үе үеийн төр, засгийн удирдагчид, яам, тамгын газрын удирдлагуудтай нисч байсан. Техникийн хүчин чадлаас гадна хүний ур чадвар, авхаалж самбаанаас шалтгаалах тийм нислэгүүдийг олон хийж байсан даа. Тухайлбал, Монгол Улсын анхны хилийн баганыг уулын оргил дээр байрлуулсан. Оросууд уулан дээр хилийн баганаа тавьж чадахгүй байхад манай хүн нисдэг тэрэгнийхээ өрөөсөн дугуйгаар уулын орой дээр бууж хилийн багана суурилуулж байсан. Ийм түүхийг нь бичиж үлдээхээс гадна нэвтрүүлэгт мөнхрүүлнэ. Энэ бүхэн үр хүүхдүүдэд маань үлдэх биз ээ. Ер нь Т.Сугар гэдэг хүнийг Монголын төр, хилийн цэрэг, нисэх хүчин мартах учиргүй. Энэ хүн Монголын төлөө их зүйлийг хийсэн. Тиймээс л би ажлынхаа зав чөлөөгөөр дурсамжийн номыг нь эмхэтгэн цэгцэлж, хэвлүүлэх гээд л явж байна.
-Хүнд хэцүү даалгавар их биелүүлж байсан гэдэг. Машин тэрэг хүрэхгүй газарт Т.Сугар гуай л нисч очдог байсан тухай хилийн цэргийнхэн ярьдаг юм билээ?
-Хүнд хэцүү нислэг бүрийг нь тоочоод байвал барахгүй ээ. Өвгөнд минь очоогүй аймаг, сум, хилийн застав байхгүй. Аль хүнд хэцүү газарт л очдог байсан. 1974 онд Хэнтийд айхтар хүчтэй шороон шуурга болоод Оросууд нисэхгүй байхад манай хүн тийшээ нисч л байлаа. Мөн Ховдын Булганд болсон үерээс олон хүний амь нас, эд хөрөнгийг аварсан. Онгоцных нь сэнсэнд гэрийн дээвэр, туурга орооцолдоод их хэцүү байсан гэдэг юм. Дорнод аймагт хээрийн түймэр гарахад бас л явж байлаа.
-Та ханийгаа нислэгт явахад нь хэр санаа зовдог байсан бэ. Дандаа л амь дүйсэн, хэцүү бэрх тушаал биелүүлж явжээ?
-Би өвгөнийгөө нислэгээр явахад нь огт санаа зовдоггүй байсан шүү. Ханийнхаа чадварт нь итгэдэг байсан. Харин машин бариад явахаар нь санаа зовно. Чи ухрах гэж байгаад хүний машин шүргэдэг шүү гээд л үглэдэг байлаа.
-Дурсамжийн ном нь удахгүй олны хүртээл болох юм байна. Гэхдээ энэ удаа тэр дурсамжийн зах сэжүүрээс уншигчдадаа хүргэмээр байна. Зөвшөөрөх үү?
-Бололгүй дээ. Миний хань их хөнгөн шингэн хүн байсан. Жаран нэгтэйдээ бурхан болсон юм шүү дээ. Жартай хүн гэхэд хорьтой залуусыг дагуулаад Баянзүрх уулнаас уулын шүхрээр буудаг байлаа. Амралтын өдөр агаарт гарах дуртай. Тэтгэвэртээ гараад хоёулаа хээр, хөдөө их аялнаа гэдэг сэн. Газар дэлхийн ааш араншин, уул талын салхины зүг чиг зэргийг маш сайн мэднэ. Аргагүй шүү дээ. Гуч гаруй жил тэнгэрт ниссэн хүн юм чинь.
Манай хүн хэнийг ч ялгахгүй харьцана. Уурын зуухны галчид хүртэл хуушуур, тамхи аваачиж өгнө гээд гүйж явдаг хүн байв. Онигоо их сайн ярина. Гэхдээ шавь нар, найз нөхөд нь цуглаад онигоо ярь гэхээр “Би юугаа ярих вэ” гээд олигтой ярихгүй. Зуун грамм татсаны дараа бол онигоог ёстой өнгөтөөр ярьдаг сан. Гэртээ хүн ирэхэд сайхан хөгжөөнө. Бас урлагт их дуртай. Найз нөхдийгөө ирэхээр илбэ үзүүлнэ. Залуудаа циркэд туслах жүжигчин байсан болохоор ойр зуурын илбэ сурсан гэдэг юм. Юм юм сонирхоно. Залуудаа тэмдэг, марк, тамхины хайрцаг, мөнгө зэргийг цуглуулдаг байсан.
Надад, хоёулаа амьдралынхаа түүхийг нэг зохиолчид нэгд нэггүй сайхан ярьж өгье. Тэгээд бид хоёрын амьдралаар кино хийвэл залууст авах юм их гарна даа гэдэг байсан. Их залуу сэтгэлгээтэй. Миний ханийн амьдралд алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ л тэр минь улс орондоо хэрэгтэй хүн байв. Галчаас гавьяат нисгэгч болсон хүн түүнээс өөр байхгүй.
-Сонин түүх намтартай хүн байх нь. Галчаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хэрэг үү?
-Тийм. Нисэхэд ажилд орохын тулд эхлээд галчаар ажилласан. Тэгээд дараа нь нисэхийн сургуульд сурсан юм. Тийм хүн нисэхийн түүхэнд байхгүй дээ.
-Та хоёр хэрхэн танилцаж, гэр бүл болсон юм бэ?
-Би Хөгжим бүжгийн дунд сургуулийн 11 дүгээр ангид байхдаа өвгөнтэйгөө анх танилцаж байсан. Тэр үед манай хүн Улсын циркэд амьтан сургагч, дагалдан жүжигчнээр ажилладаг байв. Гавьяат жүжигчин Цэрэндоржийн шавь байлаа. Тэгэхэд Улсын циркийн жүжигчдийн дунд аравдугаар анги төгсөөгүй хүн нэлээд байсан юм. Тэд манай Хөгжим бүжгийн дунд сургууль дээр хичээллэдэг оройн сургуульд явдаг байлаа. Манай хүн оройн сургуульд сурдаг, нэг их ногоон нүдтэй буржгар үстэй шар залуу явдаг байв. Тэгээд л танилцаж дотноссон. Тэгж байтал Т.Сугар маань шүхрийн курст орсон юм. Намайг ч бас тэр курст ор, хоёулаа нисэгч болъё гэж ятгадаг байв. Тэр үед нисэхийн клубын захирал нь Лувсандамба гэж хүн байсан. Шүхэрчид нь Хадбаатар, Лхамсүрэн, Отряд нар байв.
-Гүндэгмаа гавьяатын аав Отряд гуай юу?
-Тийм. Урлагийнхан дотроос эрчүүдээс Отряд, эмэгтэйчүүдээс би шүхэрчин болсон түүхтэй. Отряд анх дуурийн театрт бүрээчин байсан. Бид гэр бүлийн сайхан найзууд байлаа. Тэрээр надаас арай өмнө шүхэрчин болсон. Ингээд л өвгөн бид хоёр шүхрийн курст хичээллэж эхэлсэн. Сүүлд өвгөн маань нисэгчийн курст сурсан.
-Та Хөгжим бүжгийн дунд сургуулиас шүхрийн курс рүү урвачихсан хэрэг үү?
-Үгүй ээ. Урлагийн байгууллагад нэлээд хэдэн жил ажилласан. Би хуучнаар УАДБЧ, Үлгэр жишээ найрал хөгжимд шанзчин байсан. Тэгээд дараа нь төрийн албанд шилжсэн. Шүхрийн спорт бол миний хообий. Барагцаагаар 500 гаруй удаа шүхрээр буусан. Манай өвгөн 2000 гаруй удаа шүхрээр буусан даа.
-Т.Сугар гуай ч бас нисэгч болоогүй бол урлагийн хүн болох байж ээ дээ?
-Урлагийн мэдрэмжтэй хүн байсан. Шүлэг сайхан уншина. Барнангийн Доржпалам найрагчийн “Гамбагарав” гэдэг шүлгийг маш гоё уншдаг байв. Мөн илбэ их үзүүлнэ. Циркт жүжигчин, амьтан сургагч байсан болохоор ямар ч амьтны арга эвийг олдог байсан.
-Хүүхдүүд тань та хоёрын мэргэжлийн өвлөсөн үү?
-Бид гурван хүүхэдтэй. Бүгдээрээ л бид хоёрыг дагаад шүхрээр бууж сурсан. Том охин маань онгоцны үйлчлэгч болсон. Одоо хүүхдүүд маань бүгдээрээ гадаадад ажиллаж, амьдарч байна. Би тэдэндээ, та нар аавынхаа нэрийг хугалахгүй яваарай. Аав чинь тэнгэрээс харж байгаа шүү. Тэнгэрийн хүн юм чинь гэж хэлдэг юм.
-Таныг шүхэрчин болоход ханийн тань нөлөө их байж. Тэр хүний дэргэд байсных онгоцны жолоо мушгиад үзье гэж бодож байгаагүй юу?
-Намайг нисэгч болъё гэхэд өвгөн хориглосон. Хэрэггүй, нэг гэр бүлийн хоёр нисэгч болж болохгүй гэдэг байв. Тэр нь бас их ухаан байсан юм билээ. Манай хүн, эхнэр нөхөр хоёр хоёулаа нисэгч байлаа гэхэд нэг онгоцоор хамт явж болохгүй, эсвэл эцэг нь нисэгч охин нь онгоцны үйлчлэгч байлаа гэхэд нэг нислэгээр явж болохгүй гэдэг байсан.
-Та хоёр цугтаа нисч байгаагүй юу?
-Өвгөн онгоц жолоодоод би шүхрээр бууж л байсан.
-Эмэгтэй хүн шүхрээр бууна гэдэг амаргүй байх. Эр зориг шаардсан спорт шүү дээ?
-Урлаг надад гоо зүйн мэдрэмж өгсөн бол шүхрийн спорт эрч хүч хайрласан гэж боддог. Шүхрээр буух үнэхээр сайхан. Эр зориг, эрч хүч шаарддаг спорт доо.
-Бэртэж гэмтэх тохиолдол гарна биз?
-Тийм тохиолдол зөндөө. Ямар сайндаа эмч нар Сугар, Тангад хоёр сайн дураараа бэртдэг хүмүүс гэж байх вэ дээ. 1993 онд манай өвгөн Цамбагарав хайрханы оройгоос дельтапланаар бууж байгаад унаж хүнд бэртсэн. Уулын спортын мастер Р.Зориг багштай хамт Японы уулын цанын дэлхийн аварга Бадо гэж хүнийг дагуулж Цамбагаравт гарсан юм. Тэгээд хавиргаа хугалчихаад ирэхэд нь би бас шүхрээр бууж байгаад хөлөө хугалчихсан байж байсан. Өвгөний тэр бэртэл бол үхэж мэдэхээр хүнд бэртэл байсан. Есөн хавиргандаа 13 хугаралт авсан байв. Амнаас нь цустай хөөс сахраад л. Шууд хавирганых нь завсраар тариур хатгаж цус, хөөсийг нь соруулж авдаг байлаа. Чоёндорж, Мишигдорж, Цэцэгээ зэрэг алтан гартай эмч нарын ачаар өвгөн маань тэгэхэд хөл дээрээ боссон. Харин сүүлд Сэлэнгийн Мандалд онгоцтойгоо унахад тийм үхэлд хүрэхээр гэмтэл аваагүй байсан даа. Үхэхээргүй байсан гэдгийг нь олон хүн хэлдэг юм. Би ч өвгөнийгөө үхнэ гэж огт бодоогүй.
-Яг ямар гэмтэлтэй байсан юм бэ. Телевизэд ярилцлага өгөөд эрүүл саруул шахуу байсан хүн гэнэт өнгөрчихсөнд хүмүүс гайхдаг юм билээ?
-Түнх нь л мултарсан байсан. Өөр үхэхээр гэмтэл байгаагүй ээ. Өөрөө ч хэлж байсан. Цээжин дотор нэг юм хатгаад байна. Уушигны гялтан гэмтсэн бололтой л гэж байв. Олон гэмтэж бэртэж байсан болохоор өөртөө бараг онош тавьчихна л даа. Гэхдээ одоо тэрнээс болсон энэнээс болсон гэх аргагүй. Энэ талаар нэг их хөндөөд ч яахав гэж боддог юм.
Г.Сонинбаяр
Блогийн нүүр » Гавьяат нисгэгч Т.Сугар агсны гэргийтэй хийсэн ярилцлага
2009-03-22 15:55:34
© Khori Buriad
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: