ЯРУУ НАЙРАГЧ, СЭТГҮҮЛЧ Г.СОНИНБАЯР
Хэрлэнгийн их тал, Цэгээний уудам хөндийг өгссөөр монхор ногоон “ЗИЛ-131” жигдхэн хүнгэнүүлнэ. Цэрэг ах нарын дунд суугаад үүрэглэн явсан намайг “Хөөе, дүү хүү. Нутаг чинь харагдлаа” хэмээх дуу сэрээв. Өндийн харвал жагсаалын цэрэг шиг ярайсан шонгийн моднууд, тэдгээрийн завсраар сүлжсэн шаргал замаас өөр бараагүй. Тэнгэрийн хаяаны уулс сүүмэн сүүмэн. Тэртээ өмнө зүгт Хэрлэнгийн шугуй зуны эхэн сарын зэрэглээнд уусан урсан байх шиг торолзоно. Нойрмоглоод байхаар минь сэрээх гэж дуудсаныг нь мэдмэгцээ би “Өндөрхаан орох болоогүй байна аа” хэмээн хэрдээ хэвлүүтнэ.
Цэрэг ах нар
“Багануурын инженерийн
Батальон цэрэг манайх аа…” хэмээн дуулалдсаар.
-Дүү хэдтэй билээ?
-Наймтай…
-Өө, 2000 оны “неваль” юм байна шүү дээ.
Цэргүүд намайг ийн цаашлуулах. Неваль гэдэг нь цэргийн хуарангийн жижүүрийг хэлж байгаа хэрэг. Жижүүрт ихэвчлэн шинэ цэргүүд л гарна. Тиймээс намайг арав гаруй жилийн дараа 2000 оны үед шинэ цэрэг болно гэж цаашлуулж байгаа нь тэр. Сүмбэрт очиж зам, гүүр тавьж байсан Багануурын инженерийн батальоны халагдах цэргүүдтэй хамт нэгэн зун Хэнтийгээ зорьсон дурсамжийн ийм л зурвас тодхон үлджээ. Цэргийн албаа нэр төртэй хаагаад аав, ээждээ, амраг бүсгүйдээ очно хэмээн яарч явсан цэрэг ах нар баяр хөөрийн зэрэгцээ гуниг харууслын нулимсаа унагаж явсныг сайн санадаг юм. Эх орныхоо зүүн хязгаарт тушаалаар очиж үүрэг гүйцэтгэж байх үедээ зуурдын ослоор нэг нөхрөө алдаж эгнэсэн жагсаалаа эмтлээд буцсандаа ховорхон унах эр нулимсаа нууж чадахгүй байсан даа, тэд.
Ийнхүү халагдах цэргийн машинд дайгдан зуныхаа амралтаар хаа хол Дорнодын Сүмбэрээс Хэнтийгээ зорин ирдэг байсан бага нас минь саяхан юм шиг. Аав маань цэргийн хүн. Халхын голын домогт 24 дүгээр отрядын ХЗЭ-ийн хорооны дарга, боловсон хүчин, Нөмрөгийн заставын улс төрийн орлогчийн албыг хашиж байлаа. Би гэртээ тогтдоггүй хүүхэд байв. Тогтдоггүй гэдэг нь сахилгагүй гэсэн үг биш л дээ. Харин зуны урин цагт Томоо аав, Ажаа хоёртоо очно гээд л Хэнтий рүү зүтгэчихнэ. Сургуульд орохоосоо өмнө бол өвөл, зун хамаагүй эмээгээ дагаад л хөгшин залуу, нутгаа санасан хоёр амьтан Хэнтий явах машины кабинд суугаад арилж өгдөг байв. Сургуульд орсноосоо хойш хичээл тармагц Хэнтий явна гээд дэгэлзээд эхэлнэ. Томоо аавынхаа зуны модон байшин, Өндөрхааныхаа шавартай шалбаагтай, мурий сарий зам, Малчны хорооны хэдэн гудамжийг жигтэйхэн саначихна. Аян замын жолоо эвхсээр нутагтаа ойртож, Өндөрхааны бараа харагдаад ирэхээр өндөлзөөд эхэлнэ дээ. Хамгийн түрүүнд гурилын үйлдвэрийн өндөр шар барилга торолзон харагдахад нулимс аяндаа гарна. Яг ийм агшныг Н.Нямдорж найрагч
“Их нуурын дундаас торолзох
Их усны шувууд шиг Өндөрхаан …” хэмээн уран яруу шүлэглэсэн байдаг юм. Нээрээ л нуур шиг цэлэлзэх хаврын зэрэглээн дундаас Өндөрхаан минь усны шувууд шиг торолзон бүртэлзэн харагддаг сан. Яарсан сэтгэлд Өндөрхаан минь ямар холоос харагддаг гээч. Яваад л байна, яваад л байна. Хойд зүгт Дулааны энгэр налайн дуниартаад, түүнээс баруухантай Цогт өндөр, хоёр Баянмөнх уул сүүмэлзэн цоролзоно. Аймгийн төвийн бараа торолзоод л, тодорч бүдгэрээд л байна...
*** *** ***
Ажаагаа дагаад дэлгүүр явах шиг сайхан зүйл байдаггүй сэн. Бид хоёр гангар гунгар гэж явсаар Өндөрхаанаа нар зөв тойрчихоод ирнэ. Давхар дэлгүүр, “Хэрлэн” гуанз, гэр ахуйн барааны дэлгүүр, баазын дэлгүүр гээд бид хоёрын маршрут тун тодорхой. Буцахдаа ТМС-ийн дэлгүүрээр ороод бяцхан аяллаа өндөрлөнө. Тэгж явахдаа Ажаагаараа бохь, чихэр, жигнэмэг, мөхөөлдөс авахуулж бор ходоодоо божийлгоно. Аймгийн төвийн хэдэн дэлгүүр улсын мэдлийнх болохоор зардаг бараа нь бараг ижилхэн. Гэвч дэлгүүр хэсэх нь сайхан болохоос биш лангуун дээр байгаа зүйл тийм ч сонин биш. Энэ нь нэг ёсондоо танилцах аялал болно. Зуны амралтаараа ирээд Ажаатайгаа цуг дэлгүүр явах бүрт Өндөрхаанд маань заавал нэг шинэ юм нэмэгдсэн байна. Нэг жил иртэл аймгийн төвийн гудамжинд ТҮЦ гээд муурын байшин шиг хэдэн модон мухлаг бий болчихож. Хэрдээ л сонин содон харагдах аж. Ажаа маань надад хэдэн бутархай мөнгө өгөөд ТҮЦ-нээс улаан ус авч уу гэнэ. Тэр үеийн ТҮЦ-нүүдийг өнөөдөр хотын гудамжинд царай дарж байдаг төмөр амбааруудтай зүйрлэх аргагүй гоё байсан санагдана. Үлгэрт гардаг байшин шиг цонх, хаалгыг нь хээ хуараар чимж, чамин ганган модон хүрээ хийсэн байх нь донжтой. ТҮЦ-нд зардаг юм нь ч жинхэнэ үндэсний үйлдвэрийн бараа. Үйлдвэрээс халуунаараа шахуу ирсэн еэвэн, гөөхий, мөөхий, танзуур, ахмадын хоршоонд хийдэг дугуй цагаан, дотоодын үйлдвэрийн “Янгир” ирис, “Тошлой”, “Дэглий”, “Ганга” зэрэг гаатай, бурамтай чихрүүд, “Нийслэл” жигнэмэг, “Сансар” өрмөнцөр, интоор, жүржийн ундаа л аймгийн ТҮЦ-ний лангууг дүүргэнэ. ТҮЦ-тэй танилцаад удаагүй байтал Өндөрхаанд маань шилэн кульнар гэгч бий болов. Тэр нь том шилэн цонхтой ресторон. Хөнгөн зууш, пирожки, тараг, сүү, зайрмаг зарна. Бас л гоё санагддаг байлаа. Ийнхүү аймгийн төвийнхөө шинэ сэргэг бүхнийг харж мэдэрч, хот гэдэг тэр газар үүнээс ч сайхан зүйл байдаг байх даа хэмээн төсөөлж, тэнд очиж үзэхийн хүсэл тээн явсан бага нас минь хамгийн жаргалтай байжээ.
Дэлгүүр хоршоо, гудамж талбайд тааралдсан хөгшид, таньж мэдэх хүмүүс Ажаатай маань мэндэлж, зарим нь бүр хууч дэлгэн нэг хэсэг зогсоно. Хөгшид “Энэ түнтгэр танайхны хэнийх нь банди вэ” хэмээн асуух нь олонтаа. “Тэдний том хүү шүү дээ” гэхээр “Өө, нөгөө цэргийн даргын хүү юү. Төмөрийн кабинаас салдаггүй банди мөн шив дээ” хэмээн намайг өхөөрдөх. Цэрэгт явсан аавыгаа санахын эрхэнд авга ахынхаа өвөр түрийд эрхэлж, машиных нь кабинд өссөн хүүхэд билээ, би. Авгыгаа Томоо аав, бэргэнийгээ Ажаа хэмээн дуудна. Тэр хоёртоо долоон хүүхдээс нь илүү эрхэлж, илүү эрх дарх эдэлдэг байлаа. Тиймдээ ч дэлгүүр хоршоо явах болоход би өрсөлдөгчгүй тодорно. Ажаагаа худаг руу усанд явахад нь хүртэл дагана. Томоо аав минь тээврийн жолооч болохоор гэртээ үзэгдэх нь ховор. Өндөрхаан, Чойрын хооронд шатахуун зөөнө. Замд яваад ирэхээрээ бидэнд заавал бэлэгтэй ирнэ. Тэр үед Чойрт оросууд олон байсан болохоор тэндээс жинхэнэ орос бараа авчирдаг байлаа. Орос чихэр, бохь, орос хувцас гээд одоогийн хэллэгээр бол чанар гэж чансаа болсон эдийг Томоо аав минь авчирдаг байж дээ. Басхүү Завханы сармай дээлт гэж шаржигнасан цагаан цаастай гозгор чихэр үе үехэн авчирна. Ингээд тоочоод байвал олныг бичиж болно. Бага нас минь тэр чигээрээ амттаны тухай дурсамж ч юм шиг. Хүүхэд нас гэдэг амттанд дурлаж, сайн сайхан бүхэнд тэмүүлж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өсч өндийдөг болохоор арга ч үгүй юм болов уу. Багадаа иддэг байсан бор еэвэн, Ажаагийн хайрсан боорцог хүртэл ямар амттай байж вэ. Биднийг гэртээ бужигнаж байхад машины дуу гарвал үеэлүүд маань “Аав ирлээ, аав ирлээ” гэсээр гүйлдэн гарна. Би ч бас “Томоо аав ирлээ” гээд тэдэнтэй уралдаад харайлгана. Ажаа минь угийн тайван хүн тул “Аавынх нь машины дуу биш байна аа” гээд налайж суух. Нээрээ л өнөө машин нь Томоо аавын цистерн биш өөр “ЗИЛ-130” байдаг сан. Тэр үед Ажааг Томоо аавын машины дуу мөн бишийг тэгж сайн ялгаж таньдагийг би гайхдаг байлаа. Жолооч хүний гэргийн хувьд халуун залуу насандаа үүр шөнөөр, үдшийн бүрийгээр тээврийн замаас ирэх эр нөхрөө хүлээж суудаг байсан Ажаа минь ханийнхаа машины дуу тэгж сайн мэдэх нь аргагүй гэж одоо боддог юм.
Би долоон нас дөнгөж хүрээд байсан үе. Надаас нэг насаар эгч үеэл маань сургуулийн сурагч болж бэлтгэл ангид орлоо. Би ч эгчийгээ дагаад сургуульд орно гээд урваганав. Ямар ч байсан дийлж салах хойно, Томоо аав, Ажаа хоёр минь надад эгчийнхтэй яг адилхан хулганын зурагтай хөөрхөн орос цүнх, хичээлийн хэрэглэл бүгдийг базаан бэлтгэл ангид орууллаа. Ингээд Хэрлэн сумын арван жилийн дунд сургуулийн босгыг анх алхан оров. Нямжав гэж буурал багш анх бяцхан гарыг минь барин үсэг, тооны дүрс, зурлага бичүүлж эрдмийн аянд хөтөлсөн юм. Бэлтгэлээ төгсчихөөд сурагч болсон том амьтан Дорнодын Сүмбэрт байгаа гэр рүүгээ очиж зуны амралтаа өнгөрөөх юм болов оо. Намар эргэж ирж нэгдүгээр ангидаа орно гээд бөөн хөөр. Томоо аавынхаа хүүхдүүдээс үеэл эгч Туултайгаа би их дотно. Туул эгч маань аавын амины охин. Тиймээс Сүмбэр рүү Туул эгчтэйгээ хамт гарч өглөө. Хоёулаа сургуульд орсон мундаг хүмүүс л очив. Хамар даваан дээрх алдарт Ялалт хөшөө, Ханан хөшөө, Халхын голын хөвөөн дэх Ерэн баатарын хөшөө, маршал Г.К.Жуковын командын байр, Сүмбэрийн төвд байдаг Ялалтын музей дэх Л.Дандар баатарын алаг морины чихмэл гээд үзэж харах юм зөндөө, манай Сүмбэрт. Зуны гурван сар ч дорхноо өнгөрч намрын сэрүү орлоо. Есдүгээр сарын нэгэн дөхөж Хэнтий рүүгээ буцах болов. Томоо аав маань яаж ийж аргалж байгаад Дорнод явах ачаа олоод, тэндээсээ Сүмбэр рүү ухасхийгээд хүрээд ирлээ. Эгч бид хоёрыг авч явах гэж л тэр шүү дээ. Тэр үед улсын машинаар ямар ч төлөвлөөгүй чиглэл рүү ачаа тээж, бас хаа хол Сүмбэр рүү зам хазайж очно гэдэг хэцүү л даваа байсан байх. Гэвч Томоо аав минь ямар ч байсан Сүмбэрт давхиад очсон юм даа. Нэг талаар намайг эрхлүүлж байгаа нь тэр. Хүүгээ авна, сургуульд нь оруулна гээд л хөөрхий авга минь тэгж зүтгэж очсон юм. Гэтэл өнөөх гэрээ мартсан Гэсэр гэгддэг би чинь гэнэт жигтэйхэн гэр амьтай амьтан болж хувирав. Хэнтий явахгүй гээд зүтгэчихсэн. Тэгээд л Томоо аав минь эгчийг аваад буцаж байсан юм. Тэгэхэд л Томоо аавыгаа гомдоосон байх гэж боддог. Авга минь “Тэгэлгүй яахав, миний хүү. Өвөл, хаваржин Хэнтийд байсан юм чинь гэрээ санаа биз. Сүмбэртээ сургуульд ор оо” л гэсэн. Магадгүй “хүний хүү хүрэн бөөртэй” гэдгийг би тэгж харуулсан байх. Гэхдээ Томоо аав минь бурхан болтлоо л надад өөрийн хүүхдүүдээс илүү хайртай байсан даа. Цэргийн хүн цагаан зээр хоёр нутагггүй гэгчээр манайх Сүмбэрээс нүүж Дорнодын Баян-Уулд байгуулагдсан отрядад шилжиж очлоо. Тэгэхэд зах зээл эхэлчихсэн, Хэнтийн шатахуун тээврийн 10 дугаар бааз хувьчлагдаад, Томоо аав минь цистернээ монхор ногоон “ЗИЛ-130”-аар сольчихсан Баян-Уулд давхиж очиж байв. Дараа нь манайх Хэнтийн Дадалын отряд руу дахиад л нүүлээ. Томоо аавд маань сав л хийвэл Дадалд давхиад ирнэ. Нэг нөхөр нь гуйгаад байхаар нь “ЗИЛ-130”-аа “УАЗ-469”-өөр сольчихсон гэдэг юм. Тэр “УАЗ-69” нэг ёсондоо миний унаа болсон доо. Би оюутан болчихсон байсан үе. Зун хичээл тарангуут Томоо аав маань хотод давхиад ирнэ. Тэгээд л намайг аваад явна. Би ч ёстой “тааллаараа” амьтан аймгийн төвд хэд хонож, дараа нь хөдөө гарч айраг, цагаа эргүүлнэ. Малчны хороо, Гэлэн хөшөө, Морь барианы газар гээд модернист Б.Галсансүхийн шүлэгт гардаг “Өндөрхаанаас зайдуу үнээдэй нютаг” бол миний бага насаа үдсэн газрын нэг билээ. Аймгийн төвөөс баруун тийш Өндөр дов, Гүн нуур, Аяган хонхор, Сүүл ухаа, Сүүж худаг хавиар манай хөгшчүүд зусна. Хойшоо Баянмөнх, Цогт өндөрийн энгэр, урагшаа Хэрлэнгийн өмнө биед ч хааяахан зусдаг байв. Хот газар ном шагайж, ядаргаанд орсон амьтан хөдөө эрүүл агаарт “тэнхэрч” аваад наадам өнгөрөөгөөд Томоо ааваараа Дадал хүргүүлнэ. Намар хичээл эхлэхэд мөн л Томоо аав минь хотод хүргэж ирдэг сэн. Оюутны өвлийн амралтаар намайг авах гээд яаж ийгээд л хүрээд ирнэ.
*** *** ***
Өнгөрсөн намар Өндөрхаандаа очив. Юм бүхэн нь янзаараа. Зарим гудамж, талбай, хашаа хайс нь арав гаруй жилийн өмнөхөөс огт өөрчлөгдсөнгүй. Ганц нэгхэн шинэ байшин нэмэгдсэн ч гэлээ миний Өндөрхаан дотно бүхнийг минь хадгалсан хэвээр. Ухаан орсон цагаас ой дурсамжид зурагдан үлдсэн талын бяцхан суурин минь дэлхийн ямар ч сайхан хотоос илүү санагддаг юм. Төв гудамжных нь замыг нэгэн эрх мэдэлтний хувийн компани зассан ч өнөөх нь жил ч бололгүй эвдрээд жолооч нарын уурыг барсан нидрүүлэг болж орхиж. Аймгийн Засаг дарга нэг их олон мянган мод тарьсан гэж хэвлэлээр сурталчлаад байсан. Гэтэл ногоон хэрэм ч билүү хүрэм ч гэлүү, жигтэйхэн сайхан нэр хайрласан моддын ихэнх нь хувхай цагаан саваа болчихож. Гэлээ гээд Өндөрхаан минь муухай болсонгүй. Тоостой ч гэлээ гудамж, талбайд нь бүртийх хоггүй. Гял цал, шил толь болсон хотын гудамжнаас илүү энгийн, илүү цэмцгэр. Хөлчүүхэн Р.Чойномын “Буриад” найраглалаа уншиж суусан цэцэрлэг, эгэлхэн Н.Нямдоржийн шүлгээ бодож алхсан гудамж хэвээрээ. “Урагшаа” сонины улаан байшиндаа Л.Ожгоош гуай маань бичгийн машинаа тогшин хоржоонтой, наргиантай өгүүллэгээ тэрлэн суугаа шиг л санагдана. Оюутан байхдаа зуны амралтаар Өндөрхаандаа ирээд болсон болоогүй хэдэн шүлгээ сугавлаад Л.Нямаа багшийнх руугаа гүйдэг сэн. Тийнхүү гүйдэг байсан жим өнөө ч хэвээрээ.
“Миний багш гунигийн байшинд амьдардаг
Мишигийн Цэдэндорж гуайн хөргөөр гэрээ гоёдог…” хэмээн С.Наранчимэг анд маань бичсэн тэр даруухан саарал байшин сэтгэлд дулаа оргиулах ажгуу. Хан Хэнтийн шүлэгчдийг оюуны сүүгээрээ “угжиж” найргийн цээнд хүргэсэн Л.Нямаа багш маань өнөөдөр нийслэлийн иргэн болж, “Их засаг” их сургуульд багшлан, мянга мянган шавь нараараа хүрээлүүлэн суугаа билээ.
Өндөрхааныхаа гудамжаар алхахад багадаа уншсан үлгэрийн номын хуудсыг дахин сөхөх мэт элгэмсэг, нандин дурсамж цээжинд амилна. Төрсөн нутгийн ус, агаар төдийгүй шороо нь хүртэл хүний эд, эсэд шингэсэн байдаг гэнэм. Тийм аваас миний эд, эс бүхэнд Өндөрхаан минь бий. Үүрээр тахиа донгодох, үдшийн бүрийд ноход хуцах, зуны байшингийн дээврийг бороо нүдэж, үл ялигхан цоорхойгоор дусаал гоожих, өвлийн цагаан Хэрлэн харзлан урсах нь зүрх сэтгэлд минь ер бусын аялгуу болон шингэжээ. Энэ аялгууг би зөвхөн нутгаасаа л сонсдогтоо Өндөрхаандаа очих сон гэж цаг үргэлж тэмүүлж, дуниартсан намрын өдөр холыг зорихдоо эргэж хурдан ирэх сэн гэж яаран адгадаг юм. Ноднин жил наймдугаар сарын бороотой бүрхэг үүрээр хотыг зорин мордохдоо
“Өвгөд нь цөөрсөн Өндөрхаандаа
Өвгөн болоод ирнэ ээ…” хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн сэн. Өлгийн минь үнэртэй хотдоо өнө удалгүй очно оо. Ажин түжинхэн суурингаа санаж ирээд хоргодож буцдаг нүүдлийн шувуу билээ, би.

Сэтгэгдэлүүд:
давхиж очоод ирэх шиг л боллоо, баярлалаа
Сэтгэгдэл үлдээх: