УИХ-ын гишүүн Х.Жекейтэй ярилцлаа.
-Улс төрийн тогоонд Оюутолгойн гэрээ, төсвийн тодотгол гээд олон ээдрээтэй асуудлууд ид буцалж байна. Харин хоёулаа арай өөр сэдвээр ярилцвал яасан юм бэ?
-Бололгүй яахав.
-Хэдхэн хоногийн дараа цэргийн баяр буюу зэвсэгт хүчний ой болох гэж байна. Танд баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө танай сониноор дамжуулан цэргийнхэндээ баярын мэнд хүргэе. Энэ бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улсын халдашгүй дархан байдлыг хангах төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэж байгаа бүх хүмүүст хамаатай баяр. Гэхдээ цэргийн хүн баяр тэмдэглэх боломж ховор шүү дээ. Бусад хүн баярлаж байхад цэргийн хүн үүргээ гүйцэтгээд л явж байх нь олон. Жишээ нь, хилчин хүн байгаль, цаг агаарын ямар ч хүндрэл тохиолдсон, өдөр шөнө ялгалгүй хилээ манаж байдаг.
-Энэ жил цэргийн баярыг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Цэргийн хүний хувьд энэ ойд хүндэтгэлтэй ханддаг. Миний хувьд 2000 он хүртэл эр цэргүүдтэйгээ хамт баяраа тэмдэглэдэг байв. 2000-2004 онд УИХ-д сонгогдсон. Дараа нь 2008 хүртэл ХХЕГ-т ажиллаж байсан учраас мөн л хилийн цэргийнхэнтэйгээ хамт л баяраа тэмдэглэж ирсэн. Энэ жил ч мөн адил тэмдэглэнэ ээ. Баяр тэмдэглэхэд утга учир, хлбэр агуулга нь чухал. Юутай ч энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор болох ахмад хилчдийн уулзалтад оролцоно. Цэргийн хүний ёсоор л баяраа тэмдэглэнэ дээ. Цэргийн хүн болж, алтан мөрдэс зүүснээрээ би өдий зэрэгтэй яваа гэж бодож төрийн сүлдэндээ залбирдаг.
-УИХ-ын гишүүд дотор цэрэг, цагдаагийн цолтой хүн хэр олон байдаг вэ?
-2000-2004 оны УИХ-д Д.Базарсад, Р.Гаваа нарын генералууд байсан. Мөн Д.Мөрөн хурандаа байв. Өнөөгийн парламентад цэргийн цолтон гэвэл Ц.Нямдорж гишүүн хошууч, Д.Арвин гишүүн ахмад цолтой. Ер нь дээр үед их, дээд сургууль төгссөн хүмүүст дайчилгааны журмаар цэргийн цол олгодог байсан. УИХ-д сонгогдсон аймаг, дүүргийн Засаг дарга нар цэргийн цолтой байх. Ингээд тоолбол УИХ-д цэргийн мөрдэс зүүсэн хүн хэд хэд байна. Өмнөх парламентын үед цэргийн баяраар УИХ дарга бидэнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулздаг байсан. Энэ жил ч гэсэн УИХ-ын дарга хүлээж авах байх аа.
-Та казахуудын дундаас төрсөн хоёр дахь генерал. Харин хилийн цэргийн хэд дэх генерал вэ?
-Монгол Улсын хэмжээнд 142 генерал төрсөн байдаг юм. 1944 онд генерал цолыг бий болгож, 10 комиссарт энэ цолыг анх олгосон түүхтэй. Тэдний дотор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат М.Зайсанов генерал цол хүртсэн. М.Зайсанов бол Монголын нисэх хүчний командлагч, алдартай жанжин байсан. Түүнээс хойш 63 жилийн дараа би Баян-Өлгий аймгаас, казах түмний дундаас төрсөн хоёр дахь генерал болсон. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг байдаггүй гэсэн үг бий. Би ч гэсэн генерал болохыг мөрөөдөж л явсан. Надад энэ цолыг хүртээсэн нь хэд хэдэн утгатай болов уу. Юуны өмнө, нэг талаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө хил хамгаалах байгууллагад он удаан жил ажилласныг минь үнэлсэн, нөгөө талаас хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үйлсэд хилчдийн оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн байх. Хоёрдугаарт, казах түмний Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг үнэлсэн үнэлгээ гэж боддог.
-Байлдагчийн халаасанд генералын мөрдэс явдаг гэдэг. Ирээдүйн генерал маань хаана цэргийн алба хаасан бэ?
-Цэргийн албанд татагдаад Цэргийн нэгдсэн дээд сургуулийн үзлэгийн батальонд хуваарилагдаж очсон. Эндээс л миний цэргийн амьдралын гараа эхэлсэн. Би Ховдын домогт тавдугаар отрядад 14 жил ажилласан хүн. Алдарт Байтаг Богдын отряд шүү дээ. Тэнд дэслэгч цолтой очоод хурандаа болоод буцсан. Тийм сайхан домог түүхтэй хязгаарт алба хааснаараа бахархдаг. Ховдын Булган, Үенч, Алтай сумынхан өгөөмөр сэтгэлтэй, хөдөлмөрч ард түмэн. Өөр аймгаас очсон хүмүүст их ээлтэй. Ер нь манай тавдугаар отрядад газар газраас л хүмүүс очиж алба хаадаг. Манай отрядаас маршал, генералууд төрсөн. Байлдааны талбарт ч үүргээ нэр төртэй гүйцэтгэж тусгаар тогтнолын түүхэнд гавьяа байгуулсан отряд.
-Аав тань хоёр дайнд оролцож, баруун хилд тулалдаж явсан гэж сонссон. Хожим хилчин болоход аавын тань нөлөө байв уу?
-Аав минь намайг гурван настай байхад 49-хөн насандаа өөд болсон. Тийм болохоор би аавыгаа сайн мэдэхгүй. Тийм хүн байсан даа гэх төсөөлөл ч байдаггүй юм. Аавынхаа амьдралыг нь бодоод үзэхэд 20 нас хүртлээ хүнд хэцүү цаг үеийн үймээнд зүдэрч зовж явсан байдаг юм. Бага залуу нас нь ийм л нүүдэл суудлын үе таарсан. Тэгээд цэргийн албанд мордож Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож зургаан жил хатуу бэрхийг туулсан. Дараа нь таван жил Байтагт цэргийн алба хаасан. Энэ бол Баруун хил түгшүүртэй, зэвсэгт мөргөлдөөн тулгаралт их болдог байсан үе. Ингээд аав минь 11 жилийг дайн байлдаан дунд өнгөрүүлжээ. Амьдралынхаа сүүлчийн 17 жилийг л амар тайван үдсэн шиг байгаа юм.
-Та аавынхаа тулалдаж явсан Байтаг Богд орчмын хилийг хамгаалж явсан юм байна шүү дээ?
-Тийм. Аавынхаа тулалдаж явсан хязгаар, хөлс, цус нь шингэсэн тэр газар шороог хамгаалах хувь тохиосон. Мөн аавынхаа алба хааж байсан Байтагийн отрядын даргаар ажилласан. Энэ бол зүгээр нэг учрал тохиол биш болов уу.
1993 онд тавдугаар отрядын 60 жилийн ой болсон юм. Ойн арга хэмжээнд баруун хилийн тулгаралтад оролцсон Н.Жамбаа баатар, Г.Хаянхярваа гуай гээд олон ахмадууд очсон. Би отрядын дарга байсан учир тэднийг угтаж авч рапорт өгсөн юм. Тэгсэн тэдний дунд баруун хилийн тулгаралтын үед Байтагын отрядын тагнуулын дарга байсан Гэрэлчулуун гэж өвгөн байлаа. Тэрээр аавтай минь хамт тулалдаж явсан тухайгаа ярьж байсан. Аав минь Халхын голын дайнд Л.Дандар баатрын морин хөтөч байсан гэсэн. Сүүлд би Л.Дандар баатартай хэд хэдэн удаа уулзаж аавынхаа тухай яриулж байсан. Нэг сонин түүх ярихад, Цэргийн сургуулиа төгсөөд Сүхбаатарын талбай дээр баярын жагсаал хийж байхад Л.Дандар баатар ирж хурандаагийн мөрдөсээ надад өгсөн. Тэрээр “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэдэг юм. Үүнийг хурандаа болохдоо зүүгээрэй” гээд өгсөн. Тэр үед би өнөөх мөрдэсийг нь ээждээ бариулчихаад л жагсаал руугаа гүйгээд явчихсан. Хожим нь хурандаа цол авчихаад Л.Дандар баатар хурандаагийн мөрдэсээ бэлэглэснийг санаад зүүж үзье гэж бодлоо. Тэгэхэд ээж минь бурхан болсон байсан. Өнөө мөрдэсийг хайлаа. Ээжийн минь юмаа хийдэг чемодан байсан юм. Тэр дотроо их л нандигнан даавуунд ороогоод хадгалсан байсан. Тэгээд бэлэгшээгээд Л.Дандар баатрын мөрдэсийг зүүсэн.
-Сонин түүх байна.
-Хүний амьдрал их сонин шүү. Би цэргийн их сургуулийн нэгдүгээр курст ороод удаагүй байлаа. 1979 оны намар шүү дээ. 45 хоногийн крантин дөнгөж дуусаад анхны хичээл орох гэж байтал Санжийн Батаа гэдэг хүн ирж сургуулийн ажилтай танилцаж байгаа гээд бөөн шуугиан болоод явчихлаа. Дөнгөж нэгдүгээр курсийн шинэхэн сонсогчид С.Батаа гэж хэн болохыг мэдэхгүй шүү дээ. Гэтэл С.Батаа генерал ангиудаар орж танилцаж яваад манай ангид ороод ирлээ. Орос хэлний хичээл орох гэж байв. Би хамгийн урд талын ширээнд сууж байсан юм. С.Батаа гуай, “Ямар хичээл орж байгаа юм” гэж байна. Орс хэлний хичээл орж байна л гэлээ. Тэрээр намайг өнөөдрийн он, сарыг оросоор хэлээтэх гэлээ. Дунд сургуульд байхаас эхлээд ганц цээжилсэн зүйл тэр юм чинь он, сараа оросоор хэлээд тавьчихсан. С.Батаа генерал тэгэхэд “сайн хүүхэд байна” гээд миний мөрөн дээр зөөлөн алгадаад “Суу” гэсэн. Би ч анхны хичээл дээрээ тэр том хүнтэй учирч урмын үг сонссондоо бэлэг дэмбэрэлтэй явдал боллоо гэж бодсон. Гэтэл би УИХ-д хоёр дахиа сонгогдоод С.Батаа генералын сууж байсан өрөөнд орсон. Энэ өрөөнд С.Батаа гуайгаас гадна Д.Моломжамц гуай сууж байсан гэсэн. Гурав дахь генерал нь сууж байгаа өрөө дөө.
-Цэргийн хүний гэргий эр нөхөртэйгээ адилхан тушаал хүлээдэг бичигдээгүй хууль бий. Таны гэргий ч тэр үүргийг хүлээж явсан биз?
-Манай гэргий багш мэргэжилтэй. Олон жил намайг дагаад хилээр явсан. Хилийн заставч очсон эмэгтэй хүн ямар ч мэргэжилтэй байсан угаагч, тогооч, ариун цэврийн зааварлагч гэсэн ажил л хийнэ. Өөр орон тоо байхгүй. Гэргий маань тийм л ажил хийж байсан. Одоо ОБЕГ-т мэргэжилтнээр ажиллаж байгаа. Цэргийн хүн цагаан зээр нутаггүй гэдэг үнэн шүү. Манай том хүү Ховдын Булганд төрсөн. Хэлд орохдоо торгууд аялгатай ярьж эхэлсэн. Удаахи хүү Үенчид төрсөн. Хэлд орохдоо захчин аялгаар ярьсан. Дараагийн хоёр охид намайг Орост академид байхад хэлд орсон. Тиймээс орос хэлээр ярьдаг. Ийм тохиолдол хилчдийн хүүхдүүдэд олон бий байх шүү.
-Хүүхдүүд тань таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Хүүхдүүд өөр мэргэжил эзэмшсэн. Том хүү АНУ-д банк санхүүгийн чиглэлээр сурч магистр хамгаалах гэж байгаа. Бага хүү Англид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг. Ихэр охид маань 10 дугаар ангид сурч байгаа. Ач нараас минь цэргийн хүн гарах биз.
-Хэдхэн хоногийн дараа Наурыз баяр болох нь. Ерөнхийлөгч Баян-Өлгийд очиж Наурызын баярт оролцохоор болсон гэл үү?
-Тийм. Ерөнхийлөгч Баян-Өлгийд очиж Наурызын баярт оролцоно гэдэг мэдээг сонсоод өндөр сэтгэгдэлтэй байгаа. Үндэснийх нь баярт төрийн тэргүүн өөрийн биеэр хүрэлцэн очно гэдэг маш том хүндэтгэл. Энэ бол төр засаг, Монголын ард түмэн казах түмэнд асар их ээлтэй, хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл. Манайхан их баяртай байгаа. Баян-Өлгий нийслэлээс 1600 километр алслагдсан аймаг. Баян-Өлгийн төвөөс 350 километр зайтай Булган сум гэж байна. Тэд Наурызын баярын бэлэг дэмбэрэлт өдрөө төрийнхөө тэргүүнийг харж, баяраа хамтран тэмдэглэх шиг том завшаан байхгүй. Маш бэлэг дэмбэрэлтэй юм. Тиймээс аймаг, орон нутгийнхан Наурыздаа сайтар бэлтгэж байгаа. Ерөнхийлөгч Баян-Өлгийд ирэх сургаар хилийн цаанаас Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Оросын Горный Алтайн хязгаар болон Казахстанаас хүмүүс ирж Наурызыг үзэх гэж байна.
-Наурызын баяраар архи дарс огт амсдаггүй. Энэ мэт ёс заншлаа уламжлан ирсэн нь сайхан санагддаг?
-Найрыз гэдэг перс үг. Шинэ жил, шинэ өдөр гэсэн утгатай. Бүх юм цоо шинээр эхэлж байгааг бэлгэддэг. Наурыз баяр бол хаврын баяр. Учир нь дөрвөн улиралтай улс оронд л Наурызыг тэмдэглэж байна. Цагаан сартай олон талаар адилхан. Нэг ялгаа байна. Наурыз яг гуравдугаар сарын 22-нд л болдог. Наурыз баярын өмнө худаг ус, булаг шандны эхийг цэвэрлэдэг заншилтай. Бусдаар бол Цагааныг сар яаж тэмдэглэдэг билээ түүн шиг л зан үйлтэй. Ахмадаа хүндэтгэн золгож шинэ бүхнийг бэлэгдэн сайн сайхны ерөөл хэлэлцэнэ.
-Энэ өдөр 40 айлаар орвол аз жаргал ирнэ гэдэг байх аа?
-Хүүхэд байхад Наурыз баяраар олон айлаар ороод л көже шөлөө уугаад л гүйдэг байлаа. Аль болох олон айлаар орох гэж уралдана. Айлд ороод бушуухан хөжег нь амсаад л дараагийн айлаар орох гэж яардаг сан. Цэргийн дарга болоод нутгаасаа холдсон. Тиймээс Цагаан сарыг их тэмдэглэдэг болсон. Хөдөө Цагаан сарыг их өргөн тэмдэглэдэг. Ховдын Үенчид байхад манай отрядынхан хоёр хүүд маань хөөрхөн монгол тэрлэг хийж өгсөн. Тэгсэн Цагаан сараар манай хоёр өнөөх тэрлэгээ өмсөөд айд хэснэ. Арваад хүүхэд нийлээд л айлуудаар ороод өврөө дүүргэж ирээд орон дээр бэлгээ цацаж хаячихаад буцаад гүйж байдаг сан.
-Сүүлийн үед Наурыз баярыг нэлээд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Та Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд Наурызыг зохион байгуулахад оролцоно биз?
-Сүүлийн есөн жил Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Наурыз баяр их өргөн дэлгэр болж байгаа. Төр, засгийн зүгээс ч дэмжиж байна. Мэдээллийн хэрэгслээр их сурталчилдаг болж. Энэ бол Монголын ард түмний хайр, хүндэтгэл юм. Ер нь манай казах түмнийг Монголын ард түмэн алгаа тосч угтаж авсан юм шүү. Би казахууд монгол нутагт дахин суурьшсан гэж үздэг. XII зуунд эзэн Чингисийн үед манайхан хэрэйд, найман, мэргид, кипчак гэх мэт олон аймагт салбарлаж тархсан байсан. Тэдний үр сад бид юм. Би л гэхэд хэрэйд аймгийн, гишүүн асан Р.Сандалхан гуай найман, А.Мурат мэргид аймгийн хүн. Казахууд XV зуунд Дундад Азид очиж 500-гаад жил болж түүхийн ээдрээ, бартааг давж явсаар XVII зуунд Алтайн нурууг даваад Шинжаан, Уйгурын нутагт суурьшсан. Тэнд 50-60 жил нутаглаад Алтайгаа дагаад наашаа орж ирсэн. Тэгж орж ирэхэд Монголын төр, засаг, ард түмэн асар хүндэтгэлтэй хүлээж авсан. Үнэхээр өгөөмөр сэтгэлээр алган дээрээ тосч авсан. Газар нутаг өгч, Алтайн нурууд суурьшуулсан. 1940 онд Х.Чойбалсан гуай баруун хязгаараар явж л дээ. Тэр үед казахын настнууд түүнтэй уулзсан гэдэг юм. Тэд, Монгол Улсад сайхан амьдарч байна. Бидний үндэсний онцлогыг харгалзан аймаг байгуулж өгөөч, үр хүүхдийг минь сурч боловсроход анхаарч өгөөч гэж асуудал тавьжээ. Тэгээд Х.Чойбалсан гуай Улаанбаатарт ирээд Улсын бага хурлын тэргүүлэгчидтэй ярилцаад Баян-Өлгий аймгийг байгуулж өгсөн. Тэр үед 30 мянга хүрэхгүй хүн амтай байсан бол өнөөдөр казахууд 300 мянгад хүрээд байна. Казахын сэхээтний давхарга бий болсон. Ажил хөдөлмөрийн талбарт, эрдэм, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарт олон алдартан төрсөн. Монгол түмний хайр халамжийн ачаар казахууд өнөөгийн төвшинд хүрсэн. Энэ бол төрийн бодлого зөв мэргэн байсных. Нөгөө талаас Монголын ард түмний өгөөмөр сэтгэл, агуу их шинжийн илрэл. Дэлхийг эзлэсэн ард түмэн агуу байж таарна шүү дээ. Энэ агуу их өгөөмөр сэтгэлийг бид хүүхэд, залуустаа үргэлж ярьж хэлж байдаг. Настан буурал аксахалууд ч үүнийг л ярьдаг. Биднийг ядарч зовж ирэхэд алган дээрээ тосч аваад өдий зэрэгт хүргэсэн Монголын ард түмний өмнө өртэй гэдгийг хэлдэг. Дэлхийн 44 оронд казахууд аж төрж байна. Дэлхийн казахуудын их хуралдай гэж болдог. Тэр хуралдай дээр уламжлалт зан заншил, хэл, соёлоо сайн хадгалсан, шашнаа хүндэлдэг, өв тэгш эрх чөлөөтэй казахууд Монголд байна гэдгийг хэлж байсан.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: