Бохайн тэнгисээс хэлхсэн сувд буюу бяцхан Европын тэмдэглэл

Хаврын цэнхэр талаас зуны ногоон цэцэрлэгт

Г.СОНИНБАЯР

Онгоц газардахаар хурдаа алгуурхан сааж эхлэхүй цонхоор өвс ногоо шаргалтан харагдахад сэтгэл тайвшрав. Агь нүдэлж, бургас гөлөглөх хараахан болоогүй хахирган хавар цаг ч гэлээ эх нутгийн уул ус, өвс ногоо сэтгэлд нэн дотно. Шүд хага ташим хүйтэн булгийн ус мэт цэнгэг агаараар цээж тэнүүн амьсгалахдаа монгол хүн болж төрсний ид бахыг мэдрэх шиг болов. Өглөөний сэлүүн туулай цагт Бээжингээс хөөрсөн онгоц хоёр цаг гаруйхан нисээд Буянт-Ухаагийн шаргал дэнжид газардсан нь энэ. Долоо хоногийн турш үргэлжилсэн аяны цулбуурыг ийн эвхлээ. Харин аяны замд төрсөн бодол, сэтгэгдэл хөвөрсөөр. Өмнөд хөршийн нийслэл Бээжин хотноо анх хөл тавиад хаврын цэнхэрхэн униарт талаасаа мордоод зуны ногоон цэцэрлэгт хүрээд ирэх шиг санагдсан билээ. Бээжин үнэхээр нов ногоон хот. Онгоцны буудлаас хотын төв орох зуурт ногоон байгууламжийнх нь гоёмсог сайхан юуны өмнө харц булааж байв. Эртний түүх, соёл, эдүгээгийн бүтээн байгуулалтаараа Бээжин хот гадаад, дотоодынхныг гайхашруулдаг. Ялангуяа дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа төдийгүй Ази тивдээ, цаашилбал дэлхийд дээгүүрт орно. Тус хотын нутаг дэвсгэр дээрх засмал замын урт л гэхэд 12,5 километр, төмөр замынх нь урт 1100 километр гээд бодохоор энэ хотын ямархан том болох нь тодорхой. Үүний зэрэгцээ ногоон байгууламжийг дэд бүтцийн салшгүй хэсэг болгон хөгжүүлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татна. Замын хажуугаар бүхэл бүтэн төгөл, цэцэрлэг үргэлжилж, хамгаалах зурвасын оронд бут, сөөгийг өнгө алаглуулан тарьсан нь хараа булаана. Гүүрийн доор хүртэл битүү ногоон бут, сөөг тарьж, хоёр талын хашлаган дээр нь ваартай цэцгүүдийг ирийтэл өрсөн нь үнэхээр гоёмсог харагдах аж. Ер нь хятадууд мод тарихыг байшин барихаас илүүд үзэж байна уу гэлтэй. Арван таван сая гаруй хүн амтай Бээжин хотод ногоон байгууламж хамгийн чухал гэдгийг тэд аль эртнээс тооцоолжээ. Тиймээс байшин барих, зам тавих, мод тарих энэ гуравт хотын захиргаа нь онцгойлон анхаардаг бололтой. Хорь гучин жил ургасан сүглэгэр ногоон модод бүхэл бүтэн төгөл, цэцэрлэг болон найгаж байхад хоёр гуравхан жилийн өмнө тарьсан зулзаган улиас турьхан мөчрөө нахилзуулан ганхана. Хот төлөвлөлт гэдгийн Бээжинд жинхэнэ утгаар нь харж болно. Хэчнээн өндөр сайхан барилга барилаа гэсэн ногоон байгууламжаа манайхан шиг устгахгүй. Хотынхоо төвд “Шангри-Ла” зочид буудал барихын тулд дөч тавин жил ургасан өтгөн ногоон төгөлийг юу ч үгүй сүйтгүүлж орхисон Улаанбаатарын удирдлагуудын хот төлөвлөлтийн бодлогыг Бээжингийнхэн яаж ч хичээгээд ойлгохгүй. Тэд шинээр барилга барихын өмнө орчин тойронд нь асар их мод тарьж, бут, сөөг суулгадаг байна. Барилгын суурийг дөнгөж тавьсан атал ногоон байгууламжийг нь аль хэдийнэ тарьж ургуулсан нь олонтаа харагдана. Үүнээс харахад хот төлөвлөлт гэдэг ганц хууль өмнөд хөршид үйлчилдэг болов уу гэмээр. Хойд Хятадын хамгийн том далайн боомт болох Тяньжин хот ч гэсэн яг л ийм хатуу чанд төлөвлөлтийн дагуу хөгжиж байгаа аж. Тяньжины захын дүүрэг болох Бинхай дүүрэгт л гэхэд далайн усыг боож ширгээн шинээр суурьшлын бүс бий болгож байгаагаа бидэнд үзүүлж сонирхуулсан юм. Тэнд мөн л барилга, байгууламж барьж эхлээгүй атлаа авто зам тавьж, мод тариад эхэлсэн байна. Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөх хот ч гэсэн ялгаагүй, хот төлөвлөлтийн гайхамшгийг илтгэх олон барилга, байгууламж, дүүрэгтэй болжээ. Өвөрмонголын авто зам, дэд бүтцийн салбар хурдацтай хөгжиж, хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгааг Хятадын сонин хэвлэлд бичиж байна. Хятадын Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтөө ойролцоогоор найман хувьд хүргэхаар зорьж, есөн салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлогоо батлаад байгаа аж. Төрийн бодлого нь хүчтэй, арга хэмжээ нь аажмаар хэрэгжиж байгааг тус улсын онцлог гэж хэлж болно. БНХАУ-ын энэ мэт бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцаж, зарим хотоор нь аялах завшааныг олдсон нь сэтгүүлч хүний хувьд олзуурхууштай зүйл байв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монголын залуучуудын холбоог төлөөлж 60 залуу өмнөд хөршид зочилсон юм. Энэхүү багийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээлэл, соёл урлаг, бизнесийн салбарын төлөөлөл болсон эдгээр залуус Бээжин, Тяньжин, Хөх хот, Ухань, Ичань хотуудаар аялж, Хятадын хөдөө тосгоны ахуй байдал, тариачдын амьдрал, орчин үеийн бүтээн байгуулалттай танилцсан. Хятадад Бээжин, Шанхай, Тяньжин, Чунцин гэсэн улсын зэрэглэлтэй дөрвөн том хот бий. Бидний хувьд эдгээр том хотын хоёртой нь танилцах завшаан олдсон юм. Бээжин хотод очсон хүн Тянь Анмины талбай, Хааны өвлийн их ордон, И Хэ Юань хэмээх зуны ордон, Бэйхай цэцэрлэгт хүрээлэн, Тяньтан буюу Тэнгэрийн сүм, Мин улсын үеийн 13 хааны бунхан, 500 мянган жилийн өмнөх бээжин хүний үлдэц сууринд түшиглэн байгуулсан Хүн судлалын музей, амьтны хүрээлэн, далайн аквариум зэргийг үзэж нүд, сэтгэлээ баясгадаг. Үүнд дээр нэмэгдсэн нэгэн гайхамшиг нь олимпийн хотхон. Бүтээн байгуулалтын ид хавыг үзүүлсэн энэ хотхонд гадаад, дотоодын жуулчдын хөл тасардаггүй. Алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн, “Усан шоо” хэмээн нэрлэсэн усан спортын бүхий л арга хэмжээг зохион байгуулах зориулалттай нүсэр байгууламж зэргийг үзэлгүй өнгөрөх юм бол өөрийгөө Бээжинд очсон гэхэд бэрх. Хятадын залуучуудын холбооныхон ч манай аяллынханд “Шувууны үүр”, “Усан шоо”-гоо үзүүлэхээр төлөвлөсөн байв. Олимпийн хотхоныг одоо жуулчдын сонирхлыг татсан үзмэр, үйлчилгээний газар болгожээ. Тэнд Бээжингийн олимптой холбоотой янз бүрийн бэлэг дурсгал, хувцас хэрэглэл, олимпийн бэлэгдэл зэргийг худалдан борлуулдаг байна. Бид Бээжингээс Хөх хотыг зорьж тэндээсээ Тяньжин хотод аяны дөрөө мулталсан юм. Тяньжин хот хөгжлөөрөө улсдаа тэргүүлж байгаа бөгөөд хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн энэ хотыг Бохайн тэнгисийн сувд гэж нэрлэдэг байна. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны том боомт хот болон хөгжжээ. Арван сая хүнтэй энэ хотын харьяа газар нутаг ашигт малтмал, ялангуяа газрын тос байгалийн хийн арвин нөөцтэй. Орчин үеийн бүтээн байгуулалтын зэрэгцээ эртний түүх, соёлын үнэт дурсгалыг хадгалж байдгаараа Тяньжин хот алдартай. Энд мянга гаруй жилийн түүхтэй Дулө хэмээх буддын шашны сүм бий. Тяньжиний түүх дурсгалт газрууд болон музей, үзэсгэлэнд нийт 53 мянга шахам түүхийн ховор нандин дурсгал хадгалагдаж байдаг байна. Хятадын үндэсний хэв маягийг хадгалсан барилгуудаас гадна Орос, Герман, Англи, Франц, Грекийн эртний сонгодог загвар бүхий барилга, байгууламжууд олонтой. Тиймээс ч Тяньжинийг гадаадынхан “Бяцхан Европ” гэж нэрлэх нь бий. Харин хятадууд өөрсдөө бол “Түмэн улсын барилгын үзэсгэлэн” хэмээх нэрлэдэг. Дэлхийн хамгийн шилдэг 20 боомтын нэгд зүй ёсоор ордог Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт бид зочилсон. Шар тэнгис рүү түрж орсон хошуу хэлбэртэй энэ дүүргийн газар нутгийн ихэнх нь тэнгисийн ёроол байсан газар гэнэ. Далан суваг татан тэнгисийн усыг боож, улмаар ширгээснээр суурьшлын бүс бий болгож, зам, гүүр, барилга байгууламж барьж босгож байгаа нь үнэхээр бахтай. Уулыг эргүүлж, усыг бооно гэдэг чухам энэ биз ээ. Шар тэнгисийн эргийн нэгээхэн хошууг дахин боож хуурай газар болгохоор ажиллаж байгаатай бид танилцсан. Бидний нэрлэдэг нийлэг ууттай төстэй зүйлийг тэнгисийн ёроолд дэвсэж хөрсний гүн дэх нэвчилтийг нь зогсоосныг үзээд гайхах сэтгэгдэл төрсөн. Удахгүй энэ газарт хүний гараар бүтсэн гайхамшигт хотхон сүндэрлэн босох гэнэ. Монголчууд бидэнд илүү ойр дөт гэж болох нэг мэдээлэл гэвэл Эрээн хотыг Тяньжиний жишгээр хөгжүүлж олон улсын хуурай газрын боомт болгохоор болсон явдал. Энэ тухай гэрээнд Тяньжин хотын гааль, боомтын удирдлагууд, Хөх хот, Эрээн хотын холбогдох байгууллагынхан гарын үсэг зурсан байна. Эрээн хотод Тяньжиний Бинхай дүүргийн нэртэй хуурай замын олон улсын боомт байгуулагдсанаар Тяньжин-Өвөрмонголын бүс нутгийн эдийн засгийн бүсийн харилцаа холбоо улам гүнзгийрнэ гэж тооцжээ. Ийнхүү Монголын өмнөд хилийн босгонд дээр орших Эрээн хот хуурай газрын Тяньжин болох цаг удахгүй бололтой. Тяньжинээс буцаж Бээжин хүртэлх 400-гаад километр замыг бид хурдан галт тэргээр ердөө л 25-хан минутад туулсан. Улаанбаатар бол түгжрэлтэй үед Баруун, Зүүн дөрвөн замын хооронд ийм хугацаа зарцуулах нь энүүхэнд. Хятад улс хурдны төмөр замын бүтээн байгуулалтдаа сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарах болжээ. Өнгөрсөн онд Бээжин-Шыжяжуан, Бээжин-Тайюаны чиглэлд хурдан төмөр зам тавьжээ. Одоо Бээжин-Шанхай чиглэлийн хурдны төмөр замын гүүр тавих ажил эхлээд байгаа гэнэ. Цаашид 2020 он гэхэд бүх мужийнхаа төвийг хурдны төмөр замаар холбохоор төлөвлөжээ. Энэ мэтээр өмнөд хөршийн хөгжлийн хурд, бүтээн байгуулалтын далайцыг тоочих юм бол олон зүйл бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэж үг бий. 1,3 тэрбум хүн амтай энэ их гүрэнд өлсгөлөн, ядуурал, гэмт хэрэг, садар самуун ихтэй. Тэр бүхнийг тоогоор илэрхийлбэл бас л чамгүй олон оронтой болох юм билээ. Наад зах нь Хятадад 13 сая гаруй хүн нэн ядуу амьдарч байгаа гэсэн судалгаа бий аж. Өмнөд хөршид аялсан цөөн хэдэн хоногт Дундад улсын хөгжил цэцэглэлтэд нүд, сэтгэл баяссан авч дотор газрын уйтан давчууг ч бас мэдэрсэн билээ. Монголчууд бидний хувьд ус, агаар шиг үнэт зүйл болсон ардчилал, эрх чөлөөний тухай өмнөд хөршид очоод ярих нь утгагүй. Тэнд очсон хүн телевизийн дуртай сувгаа сонгож үзэхээс эхлээд олон зүйл дээр эрхээ “хасуулна”. Усыг нь уувал ёсыг нь дагадаг хойно тэр бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Шөнийн 2.00 цагаас хойш телевизийн бүх сувгуудыг хаана. Томоохон зочид буудлуудад Хятад хэл дээрх телевизийн сувгууд л гарна. Интернэт ухаж цахим ертөнцийн сонин хачныг уудлан дэвэн дэлхийгээр “тэнэх” дуртай монголчуудын хувьд Хятадад очоод тийм боломж хомс. Олдлоо ч чамгүй зоос зарцуулна. Интернэтэд нэг цаг суухад 95 юань буюу 16 мянга орчим төгрөг төлнө гээд бод доо. Интернэтийн сайтуудад ч Хятадууд хатуу хяналт тавьж, ихэнхийг нь хаадаг гэсэн. Энэ мэт зүйлд сэтгэл дундуур байж болох ч өмнөд хөршид манайхаас хямд төсөр өртөгтэй үйлчилгээ бас бий. Нийтийн тээврийн хэрэгслээр нэг юань буюу ойролцоогоор 200 гаруйхан төгрөгөөр зорчино. Таксийн үйлчилгээний үнэ ч манайхаас хямд. Хаалттай, хатуу чанд дэглэмтэй орон гэгддэг хэдий ч Хятадад бидний ярих дуртай хүнлэг энэрэнгүй нийгмийг аль хэдийнэ байгуулжээ. Хүний ажиллаж амьдрах орчин нь намуун тайван, ногоон байгууламж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалж чадсан гээд олон давуу талыг тэднээс харж болно. Аливаа үйлчилгээ нь хүний сайн сайхны тулд зориулагдсан нь юухнаас ч болов харагдана. Энэ бүхнийг дагаад иргэдийнх нь амьдралын чанар эрс сайжирсан байна. Эртний нууцлаг Хятад орон энэ цагийн хөгжлийн түүчээ болж байгаа нь хаалттай бодлого, нээлттэй эдийн засгийн аль алиныг зэрэгцүүлж чадсаных болов уу.

Сэтгэгдэлүүд:

1. Onon (зочин) | 2009-06-12 17:19:33
dajgui sonirxoltoi ayan zamin temdeglel bolje
2. bad (зочин) | 2009-06-12 17:21:11
hi, hediid beejin yvchiv aa, bi ochij uzeh geed hamt yvah hun oldohgui bhad. he he

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.