Өндөрхаан уулыг эртнээс нааш тайж тахиж ирсэн түүхтэй. Өндөрхаан хотоос хойш 28 километрт, далайн төвшнөөс дээш 2664 метр өндөрт оршдог. Өндөрхаан уулыг Б
урхан Халдун уулын дүү уул хэмээн домоглох нь бий. Энэ уулын эзэн савдагийг эртний сан тахилгын ном судруудад дараахь байдлаар дүрслэн өгүүлжээ. Их дэлхийн эзэн Өндөрхаан тэргүүтэн, энэ орны өвс, ус, уул, голуудад оршсон тэнгэр орныг тэтгэгч нөхөд сэлт эзэн хэмээвээс сэтгэлд зохистой сайн харшаас эрдэнийн их ширээний дээр их Өндөрхааны биеийн өнгө цагаан, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун гартаа сангийн бумба барьсан, зүүндээ чандмань эрдэнэ барьсан, солонго мэт тэнгэрийн эдийн хувцсыг хүврүүлэн, цаст уул мэт маш цагаан торгон титэм асаасан, маш жавхлантай нөхөд чуулганы далайгаар хүрээлэгдсэний дунд баруун хөлөө жийсэн, зүүн хөлөө хумисан байдлаар орших ажээ.
Өндөрхаан уулын сан
Намо базра бхайра, ваяа.Энэ Өндөрхааны дэлхийн эзэн (шивдаг)-д сан тахил балин өргөхийг хүсвээс сэтгэлдээ зохицуулан оршуулаад, тахил балинг дэлгэрүүлэн үйлдвээс зүрхэн тарнийн үйлс номлох мэт ба хураангуйлваас их цагаан балин нэг, улаан балин мах цус зэргээр чимээд бусад ариутгал хийгээд тостой гурил (чимар), сэржим, жансиг тэргүүтнийг зэхэгтүн. Өөрийн тангараг алиныг үйлдэхүйн бүтээлийн аргаас номлох мэт адистидла! Тэр мэтийг эс мэдвээс, Ум аа хум хэмээн гурвантаа урилга сэлтийг өгүүлж уншин үйлдэх бөлгөө.
Өндөрхаан ууланд бодитой оршсон
Өндөрхаан тэргүүтэн их дэлхийн эзэн
Өгөөмөр энэ орны уул нуруу хийгээд
Өвс ургамал, ус мөрнөө оршсон
Орныг тэтгэгч нөхөр сэлтэс,тэнгэр, лус
Олноороо энэ орноо ажиртугай.
Өөрийн өмнөх, сэтгэлд зохистой
Өнгөт сайхан орд харшийн
Эрдэнийн их ширээн дээрх
Эрхин их тэнгэр Өндөрхаан
Байгаа биеийн өнгө цагаан
Хоёр мутар, нэг нигууртай
Баруун мутартаа сангийн бумба
Бас зүүнээ чандмань барьсан
Эрхтийн нум-солонго адил
Тэнгэрийн эдийн хувцсаар хувцаслан
Эрхсийн цаст уул мэт маш цагаан
Саа торгон титмийг асаасан
Энгүй сүр жавхлант нөхдийн
Чуулганы далайгаар хүрээлүүлсний дунд
Баруун өлмийгөө батад жийгээд
Зүүнийг хумбин цэнгэхүйн байдлаар оршмуй.
Үнэмлэхүй зөв билэг билгийн
Үзэгдлийн хувь маш бадарсан гэрлээр
Хотол чуулганы сангийн эд зайг
Хоролзуулан түлсний утаан үүлэн
Зун цагийн огторгуйн эн дүүрснээр
Их шивдаг Өндөрхаан, нөхөр сэлтийг ариулмуй
Азар бузар түйтгэр бүхнийг
Номын төвд ариутгах болоод
Аху энэ оронд өвчин хижиг
Ножид хямрал, зуд тэргүүтэн
Оршихуйн үест үл зохилдохын
Олон чуулган зэргийг амирлуулах агаад
Магад утга хоёр түйтгэрийг
Дайн тэмцлээр ялан дийлэхийг зохио.
Согтоон үйлдэхүйн шимийг хураасан
Сархадын үр эмийн зүйлээр найруулсан
Алтан ундааны рашаан их далай
Адьбиш гурван сансрын ундаа нь
Адилтгашгүй хэтэрхий болсон үүгээр
Дэлхийн эзэд нөхөд сэлтэст
Дээдийн баяслыг үүсгэх болтугай
(Ум аа хум-энэ номыг гурвантаа өгүүл)
Гурван мянган эн адил Уужим их эрдэнийн савыг
Олон дээд сайн идээний
Охь шимээр сайтар дүүргэж
Онохуй ба судлахуйг бадруулан үйлдсэн
Оргил рашааны их далай үүнийг
Тэнгэр, лус, шивдаг, нөхөд сэлтийг
Тэнцүүхэн баясгахуйн тулд өргөмүй (гурвантаа унш)
Чухал эдлэхүй таван хүсэл, долоон эрдэнэ
Чухам гадаад дотоодын нууцын
Чухаг дээд эд зай, жансиг тэргүүтэн
Бодитой бэлдсэн ба сэтгэлээр хувилгаснаас
Болсон Саманбадраагийн тахилын үүлсийн
Бойлох их далайгаар тахин үйлдсүгэй.
Ид хүссэн хэрэг бүхнийг гаргагч
Элдэв эдээр машид дүүрсэн
Их хүү сангийн бумба
Сэтгэлчлэнгийн эрхээр ялан дийлснийг
Торгон титэм, тэнгэрийн эд нөмрөг тэргүүтэн
Тоолшгүй хэрэглэл, эд агуурс бүхнээр тахиваас
Энэ орны хаан түшмэл
Эгэл албат иргэн сэлтүүдийн
Хүчин олдвор язгуур үндэс нь
Хүсэлт зуны далай мэт арвидаад
Хуврагийн аймгууд сэтгэл эелэлдэн
Шагшаабадын ариун тэргүүтэн сайн чуулганыг
Шадар тэгшид арвитгах үйлсийг зохио.
Долдой бид бүхний үл мэдэх хийгээд
Дорой сэрэмж үгүйн эрхээр болсноос
Догшин газрыг ухаж төнхөх болон
Догшин модыг огтлох тайрах хийгээд
Одон гарагийн тохиол учралын
Онц муу үест үйл үйлдэх тэргүүтэн
Зохистой сэтгэл лугаа харшлагч
Аливаа гэм юу үйлдсэнийг
Зоригдошгүй их амгалангийн агаарт
Аяндаа хүлцэн таалж соёрхоод
Өдрийн гурван хувьд сахих болон
Шөнийн гурван хувьд манах тэргүүтэн
Дөрвөн зүйлийн эрхин үйлсээр
Дөжрөлгүй насад сахин аварч
Аврал итгэл, өмөг садныг
Ашид алмайралгүй зохион хайрла.
Хотол төрөлхтний тус амгалан
Хоцролгүй гарахын уг шүтээн
Шар малгайтын эгүүрдийн ёсон
Арван зүгтээ өргөжин дэлгэрээд
Амьтан бүхэн номын учралын цогийг эдэлж
Алив хүссэн бүхэн хоцролгүйяа
Аяндаа бүтэх болтугай хэмээмүү гэсэн дэлхийн эзэн Өндөрхааны тахилга энэ мэт нэгэн хэрэгтэй гэж Халхын зүүн аймаг Сэцэнхан хошуу захирагч Гомбожав ноёны чухалчлан дурдсанд Шагжийн аяга тахимлиг Лувсанбалдандамбийнямчоглойнамжилбалсанбо бээр найруулвай.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: