Монголчуудын “хөрөнгө оруулалттай” Эрээн хот

 -Эрээнээс гутал биш гутал хийх аргыг нь худалдаж авъя-

Эрээний зээлээр алхахад Улаанбаатарт, “Нарантуул” зах дээр эсвэл Нарлаг хорооллын аль нэг дэлгүүрт яваа мэт сэтгэгдэл төрнө. Алхам тутамд элэг нэгтнүүд маань тааралдах нь сайхан ч юм шиг. Монголчууд хөгшин хөвөө, хүүхэд залуугүй л Эрээнийг зорих болжээ. Хятадын умард хилийн боомт хот Эрлян буюу Эрээн хот бараг л монгол таун болчихож. Хилийн дээс алхаж, харийн хотод ирсэн хүн ёс заншил, хэл ус мэдэхгүй, хүн танихгүйн бэрхшээлтэй тулгардаг бол Эрээнд тийм зовлон даанч алга. Нэг бодлын гүйлгээ ухаан сайтай, авхаалжтай, овсгоотой монголчууд маань ийнхүү ахуй амьдралаа өөд татахын төлөө махран зүтгэж байгаад баярламаар ч юм шиг. Нөгөө өнцгөөс харвал бид сайндаа биш, үнэ ханшийн зөрүү төдийгөөр л ашиг унагадаг ганзагын наймаанаас өөр ажил хийж чадахгүйгээс Эрээнд “хөрөнгө оруулалт” хийгээд байх шиг. Монголдоо хийх ажилтай, эх орныхоо үйлдвэрүүдээс хэрэгтэй бараа, бүтээгдэхүүн бүхнээ худалдаад авчихдаг сан бол монголчууд юугаа хайж Эрээн рүү зүтгэх билээ. Замын-Үүдийн боомтоор өдөр бүр 100 гаруй автомашин Эрээн рүү нэвтэрдэг бол мөн тооны автомашин хилээр орж ирдэг байна. Нэг машинд таван хүн суудаг гээд бодоход өдөрт мянга орчим хүн Замын-Үүдийн автозамын боомтоор нааш, цааш холхиж байдаг гэсэн үг. Үүн дээр төмөр замын боомтоор зорчиж байгаа иргэдийг нэмэх юм бол дээрх тоо хоёр гурав дахин нэмэгдэнэ. Замын-Үүд гэдэг үнэхээр л хүн олны урсгал тасардаггүй их замын үүд хаалга ажээ. Тэр л олны нэг болон, хөлтэй бүхэн хөлхөж, хэлтэй бүхэн шагших нь холгүй байгаа Эрээнийг зорив. Улаанбаатараас 16.30 цагт хөдөлсөн орон нутгийн галт тэрэг маргааш өглөө нь долоон цаг өнгөрөөсхийгээд Замын-Үүдэд хүрлээ. Олон улсын галт тэргээр шууд Эрээн орж болох ч өртөг нь арай өндөр тул ихэнх наймаачид, зорчигчид орон нутгийн галт тэргээр Замын-Үүд хүрээд тэндээсээ автомашинаар өртөөлөн улсын хилийн дээс алхдаг юм байна. Бид ч тэр л жишгийг дагалаа. Нар навтайтал шарж, нэг бол элсээр нүүр нүдгүй шуурч байдаг Замын-Үүд сэрүүн сэвшээтэй, хурын чийгтэй угтсан нь сэтгэл сэргээв. “Өнгөрсөн шөнө нэлээд устай бороо орлоо” хэмээн биднийг хил гарган Эрээн хүргэж өгөхөөр болсон жолооч залуу говийн бор толгод дундаасаа алтны илтэс олсон мэт олзуурхангуй өгүүлнэ лээ. Говийнхонд бороо хур гэдэг ямар ч эрдэнээс үнэтэй болохоор арга ч үгүй биз. Энэ жил Дорноговь аймгийн нутгаар эрт ган тайлж, зуншлага тун сайхан байгаа гэнэ. Замын-Үүдэд бүр гуравдугаар сард анхны бороо орсон аж. Говь нутагт хэд гуравхан дусал бороо ороход л нов ногоон болдог хойно. Таана, хөмөл, агь, шаваг, бударгана, тэс нь ногоороод хангай нутгаас дутахгүй сайхан зун болж байна аа, дорнын говьд. Харин Замын-Үүд сумын өнгө төрх нэг л бүүдгэр саарал. Долоо найман жилийн өмнө явдал замын далимд дайрч өнгөрөхөд ямар байсан, тэр л хэвээрээ. Төмөр замын боомт л байхгүй бол энэ сууринд амьдрал зогсох байх даа гэмээр. Барилга байшингуудынх нь өнгө зүс гундмал. Цардмал зам нь нидрүүлэг шиг, шороон зам нь хэдрэг шиг. Хилийн цэргийнхнээс дугаараа хурдан авч, эртхэн олон машин бөөгнөрч түгжрэл үүсээгүй дээр нь хил гарах гэж яарсан жолооч ч давхина гэдгийг үзүүлж өглөө. Ядаж байхад хуучин муу “УАЗ-469” машиных нь суудлууд салж унахад бэлэн. Бараг ганц боолтон дээр л тогтож байгаа бололтой. Донслох тоолонд нааш цаашаа савчина. Сарампай болсон энэ төмөр хүлгээ жолооч хархүү автоспортын мастер Ганхүүгийн барьж байсан машин хэмээн магтаад авна лээ. Хэдэн цементэн хавтан нийлүүдээд хаячихсан замаа Замын-Үүдийнхэн “уг нь засмал юм” хэмээн “өхөөрдөнө”. Харамсалтай нь тэр засмалынх нь хавтангуудын залгаас нь даанч болхи. Тэр залгаас бүрт машин хэг ёгхийтэл донсолно. Ийм замаар хоёр гурван километр хэртэй сэгсчүүлсний эцэст шинэхэн тавьсан толигор замаар хилийн шалган нэвтрүүлэх товчоог чиглэв. Овоо доо, шинэ сайхан зам тавьсан юм байна гэж бодон урамшиж элэг, бөөр дээр доор нь оруулах шахсан энхэл донхолтой замд төрсөн бухимдал арилах нь тэр. Гэтэл тэр замыг Эрээний хятадууд манайханд тавьж өгсөн ажээ. Ингээд л бодохоор монголчууд бидэнд хийж чаддаг юм гэж алга аа. Замын-Үүдийн суурингаас хилийнхээ боомт харуул хүртэлх дөрөв тавхан километр замыг цардмал болгочихож чадахгүй, харийнхны гарыг харж суух гэж. Монголын хамаг залуус Солонгост хар бор ажил хийж, харин Монголын хар бор ажлыг хятадууд хийж өгч байгаа шиг гаж тогтолцоо дээр дооргүй бий болсон хойно яая гэхэв. Түүний л нэг жишээ нь энэ зам бололтой. Замын-Үүдийн айлууд нь гаднаа ганган тэрэг сойж, Эрээнээс бараа зөөж, наймаа хийн амьдралаа дээш татдаг гэнэ. Хүн бүхэн нь шахуу машин унаж давхидаг болохоор зам тавих, засах хүн Замын-Үүдэд байдаггүй юм байлгүй. Тийм бол хятадуудаар зам тавиулсныг нь буруутгаад ч яах билээ. Иймэрхүү бодол тээсээр улсын хил алхаж, Эрээн хотод давхиад буучихлаа. Эрээн хотын сайн сайхан, хөгжил цэцэглэлт энэ тэрийг шагшин магтах хүсэл алга. Ямар ч байсан өмнөд хөршийнхөн эрт цагаас шавар хэрэмд шавааралдан суудаг байсных хот гээчийг байгуулж чадаж байна. Нүд орой дээр гаргах гойд гоц юмгүй ч Эрээн хот тун дажгүй. Бодлого, төлөвлөлт хоёр нь энэ хотын юухнаас ч болов харагдана. Магадгүй тэр бодлого, төлөвлөлт нь монголчуудад зориулж энэ хотыг барьж байгуулахад чиглэж буй юм шиг санагдсан. Зориулсан гэдгийг хашилтад хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хятадууд Эрээн хотыг монголчуудын хөрөнгө оруулалтаар босгож байна. Тэгэхийн тулд бүх зүйлийг нь нарийн тооцоолжээ. Зээлийнх нь гол үйлчлүүлэгчид монголчууд. Манайхан эндээс л хэрэгтэй бүх юмаа худалдаж авна. Ийнхүү монголчууд үндэсний үйлдвэрлэлээ бус Эрээний наймаачдыг дэмжиж, тэтгэж байгаа нь гадаадад хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэхэд хилсдэхгүй болов уу. Тэнд очсон монголчууд шууд л зээл рүү нь ханцуй шамлаад орж явчихна. Өглөө очоод орой буцдаг нэгэн байхад өнжин хонон наймаа хийгээд эргэдэг хүн ч олон. Эрээн, Замын-Үүдээс Улаанбаатарыг зорих галт тэрэг ганзагын наймаачид хийгээд хувиараа, гэр бүлээрээ Эрээнийг үзэж сонирхох далимд арав таван зоосоо зээлд нь “тушаасан” хүмүүсээр дүүрнэ. Наймаачид олон “гахайгаа” нийтийн галт тэргэнд тараан байрлуулах гэж дайн болдог юм билээ. Зарим “гахайгаа” ачаа багатай хүний нэр дээр бүртгүүлж татвараас бултана. Тэгэхгүй бол нэг барааг 7000 мянган төгрөгөөр үнэлж татвар авдаг гэсэн. Барааг нь нэр дээрээ бүртгүүлсний шанд нөгөө хүндээ 2000 төгрөг атгуулна. Эрээн хотод монголчуудад зориулсан асар том эмнэлэг байгуулсан нь жилийн дөрвөн улиралд дүүрэн хүнтэй байдаг гэнэ. Өвдсөн зовсон олон хүн Бээжин, Хөх хотыг зорьдог байсан бол одоо Эрээний эмнэлэгт эмчлүүлэхээр очигсод өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ. Ийнхүү монголчууд минь өөрийн орны эмнэлэг, эмч нартаа биш өвөрмонгол “ах дүү” нартаа, Эрээний сайн найзууддаа хэдэн бор төгрөгөө эрүүл мэнд, амь настайгаа хамт тушаах болжээ. Энэ бол Эрээний эрүүл мэндийн салбарт хийж байгаа бидний “хөрөнгө оруулалт”. Сүүлийн үед Эрээнд олон зочид буудал сүндэрлэн босчээ. Тэр бүхэн бас л монголчууд бидэнд зориулагдсан. Эрээний томоохон дэлгүүр, зах зээлийг тойрсон зочид буудлуудад монголчууд дүүрэн. Буудлуудын үнэ ханш тохь тух, үйлчилгээ зэргээс шалтгаалаад 40-150 юаньд эргэлдэнэ. Гэхдээ баячууд, дээдэс морилдог, хоногийн 3000 юанийн үнэтэй, өндөр зэрэглэлийн буудал ч байдаг гэсэн. Тийм буудлын өрөө пиг дүүрэн, захиалга огт тасардаггүй гээд бод доо. Ерөөсөө Эрээн гэдэг зоосны нүхээр бүхнийг хардаг хот. Тэнд очсон хүн халаас, хэтэвчээ гүвж байж л санаа амарна. Манай монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадахгүйгээс хойш идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх бүхнээ Эрээнээс худалдаж авна. Шүдний чигжлүүр, ариун цэврийн цаасаа хүртэл урд хөршөөс чирч ирнэ. Үүний эсрэгээс хятадууд машин, компьютер, гар утаснаас эхлээд хүний хамгийн энгийн, жижиг хэрэгцээг хангах бүхий л зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Тэд дэлхийн нэртэй фирмүүдийн барааг дууриалгаад хүртэл хийчихнэ. Магадгүй түүнийг нь монголчууд л худалдан авна. Сайн юмыг дууриахад болохгүй нь юу билээ. Нийслэлийн 370 жилийн ойг энэ намар тэмдэглэнэ гэж хөөрцөглөөд байгаа хот, дүүргийн дарга нар энүүхэн урд хилийн цаана байгаа Эрээнээс жишээ авч, сайныг нь дууриагаасай билээ. Эрээнээс хамгийн үзэмж муутай хэдэн чийдэнг нь авчирч хотын гудамжиндаа зоочихоод тохижилт хийлээ гэж яриад байвал ч ёстой онигоо болох бизээ. Юутай ч монголчуудын 100 хувийн “хөрөнгө оруулалттай” Эрээн хот өдрөөс өдөрт өнгө зүс засан, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж байна. Эрээнийг хятадууд тэнгисийн боомт хот Тяньжиний жишгээр хөгжүүлэн олон улсын хуурай газрын боомт хот болгохоор төлөвлөөд байгаа аж. Энэ талаараа аль хэдийнэ нарийн төлөвлөгөө боловсруулж, Эрээн, Тяньжин хотын удирдлагууд гэрээ, хэлэлцээрт үзэглэсэн гэнэ. Үүний үр дүнд тун удахгүй Эрээнд хуурай замын олон улсын боомт байгуулахаар болжээ. Ингэж л төрийн бодлогоо төлөвлөлтөд тусгаж, түүнээ ажил хэрэг болгож байна даа, манай урд хөршийн “сайн найз” нар. Эрээнээс монголчууд бид хориод жил эрээн мяраан бараа, элдэв хэврэг хямд бүхнийг нь зөөлөө. Одоо арай өөр зүйл зөөе л дөө. Хятадуудын ажилсаг чанар, нарийн ухаан, зөв бодлого, эмх цэгцтэй хот төлөвлөлтөөс нь суралцъя. Өөрөөр хэлбэл хөгжлийнх нь “патентыг” худалдаж авъя. Эрээний хятадуудаас гутал худалдаж авах биш, гутал хийх аргыг нь заалгаж авах цаг болжээ. Гэхдээ өөрсдөө л хичээхгүй бол хятадууд биднийг загасаар л дайлахаар биш, загас барих аргыг хэзээ ч зааж өгөхгүй л болов уу. Г.Сонинбаяр

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.