Баян-Уулын минь босоо улаан шороо одоо л нэг намжиж агь, ганга анхилсан дэлгэрхэн зун эхэлж байна гэнэ. Сүү сааль ундарч, зөөхий тос бялхах цаг айсуй. Хужиртаана, Холбоо нуур, Унагай, Хархираагийн уулс ногооны униарт цэнхэртээд, хөтөл даван ирж яваа баавайн ходоог тэрэгний том, жижиг дугуйнууд салж нийлэх шиг харагддаг сан. Шинэхэн цавчсан буриад дүнзэн байшингаас давирхай, хөвхөн ханхалж,уур савссан халуухан япоошигны сайхан үнэр хамар цоргих ч таатай даа.Шинэхэн дүнз, халуухан талх, япоошигны үнэр шигээ буриад ахуй нэн сонин содон, өвөрмөц нэгэн “үнэр”-тэй билээ л. Оросын ахуй, соёлын тусгал, эртний монгол хэл, аялга, зан заншил сүлэлдсэн орчин, буриад зоны амьдрал зүрх сэтгэлд минь олон олон шижмээр холбоотой учраас нэг л дотно, дулаан санагднам. Мохоор зажилсан хашир баавай нар өдийд модон байшингийнхаа сүүдэрт завилан хаарт (хөзөр) тоглож, ажилсаг самгад нь зөөхийгөө цохин, хөх сүүний ааруул, айрхан, ээзгийгээ боловсруулан, навтгархан шавар пийшингээсээ уур савссан улаан шаргал талх гарган халуунаар нь хуваан шинэхэн сүүний хамт зочиндоо таваглаж байгаа даа. Монцгорхон трубкандаа орчин цагийн янжуурыг задалж үйрүүлэн хийгээд амтархан татаж, хөх утаа суунаглуулан суух цав цагаан сахалтай бууралхан баавай цагтаа цалгиж, сум, аймагтаа шаггүй бөхийн тоонд орж явсныг үеийн хөгшид нь л мэдэхээс өнөөгийн багачууд яахин төсөөлөх. Гашуун мохоор зажлан үе үе гэдрэг эргэн шүлсээ нулимах түнжгэр толгойтой өвгөн ч залуудаа Онон, Улзын тул, ондатр, Ульхан Майхан уул, Эрээний нурууны буга, хандгай, зэрлэг гахай, үнэг, чонын эрлэг болсон эртэй, иртэй анчин явсан бөлгөө. Эрт эдүгээгийн сонин хачныг хүүрнэлдэн хөзөр наадах баавай нар өтөлсөн ч гэлээ бяр тэнхээ хариа нь үгүй. Тэд балт сүхээ бүсэндээ хавчуулаад гарах юм бол уулын модыг өвс шиг ханаруулж, унасан гуалинг хоромхноо цагаалж, харуулдсан мэт тэгшхэн сайхан дүнзийг нүдээ аньж байгаад л цавчиж орхино доо. Намрын шар нар ээгээд ирэхийн цагт баавай нар гэртээ сууна гэж үгүй. Хадуур, тармуураа хялгас унахад тас үсрэм ирлэж аваад хангай дэлхийн өглөг хадлан, тэжээлээ бэлдэхээр гарч өгнө. Улзын хөндийд гандуу хөх майхнууд тогоруу шиг дэрвэж, зарим нутагт бол нуруу гэмээр том том ногоон бухлууд ярайх ч бахтай даа. Нэг л мэдэхэд өнөө бухлуудын оронд дүнхийсэн том нуруунууд босно. Баавай нар хөвгүүд, залуус нуруулдсан өвсөндөө хашаа барихыг ажиглан “Тэгэгтий, ингэгтий” хэмээн зааж сурган суух. Дэргэдээ тавьсан тавын бидонтой нэрмэлээс сэнжтэй хөнгөн цагаан аяганд хийн ус шиг хүд хүдхийтэл залгилаад уруулаа шилэмдэн, “За, хөвүүд хурдлагты. Бүү наадыш. Бороо орох нь” хэмээн сүртэй зандрах вий. Баавай нар ийм л хүмүүс. Тэд бас намрын сэрүүн унаад ирэхээр анхны цас орохыг тэсч ядан хүлээнэ. Анхны цаснаар ан хийж, мөр хайхаар цэцэн буугаа үүрч, хурдан ноходоо дагуулаад хөхрөх хөвчөө зорино. Баян-Уулаа санах бүр баавай нарын ийм дүр сэтгэлд аяндаа ургаад ирнэ. Бас үймж шуугиж, наадаж, нанчилдаж явсан үеийн нөхөд, дурлаж хайрласан ааль ялдамхан хонгор басгад санагдана. Дорнод аймгийн Баян-Уул сум гэмээнэ хавтай мэргэн харваачдаараа ойр хол, улс аймагтаа алдартай, сансарын нисэгч, олимпийн аварга, төрийн түшээ, түмний танил олон алдартны өлгий нутаг билээ. Хавтгай цагаахан Улзын эрэг хөвөөнд, тахилга шүтээнт Жаварт хошууны өвөрт ханаа шийрлэж, гал голомтоо бадраасан Баян-Уул сумын минь 85 жилийн ой энэ онд болох сураг дуулдаж, зуны эхэн сарын цэнхэрхэн өдрүүдэд нутгаа гүймээр сэтгэл хөвсөлзүүлж орхив. Дорно зүгийн уулсын хяраар нялх унаганы дэл шиг эрвэн сэрвэн зэрэглээ гүйгээд, энүүхэн зүүн хошуу тойрч, хөтөл давахад л Улзын хөндий цэлсхийгээд угтах шиг санагдан жигтэйхэн догдолно. “Хавтгай цагаан Улз минь Хавартаа, намартаа дулаахан…” хэмээн дуулдаг билээ, манай нутгийнхан. Улз гэдэг угалз гэсэн үг. Өргөн цэлгэр хөндийгөөр угалз мэт тахиралдан урсдаг болохоор нь тэгж нэрлэсэн юм хэмээн хөгшид хуучлах нь бий. Нээрээ л Улз гол номин цэнхэр хөндийгөө эмжин хээтэн мяралзах нь хээнцэрхэн торгон дээр угалз мэтгэх лүгээ адил санагддаг. Харин хуртай жил Улз минь саваа халин үерлэж, ёстой л дуунд өгүүлдэг шиг хавтгай цагаан болно доо. Бэрх, Хуурай хөндий, Ар булаг, Хархираа, Урт, Ажнай, Дэлбэрхэй, Ар Дархинт, Өвөр Битүү, Унагай зэрэг олон гол Улзад цутгадаг болохоор арга ч үгүй биз ээ. 1959 онд Улз хамгийн их үерлэсэн гэдэг юм. Тэгэхэд голоор сал урсгаж байсан тухай хашир баавай нар сонихон дурсамж хүүрнэдэг. Харамсалтай нь эдүгээ Улз маань сал урсгах бүү хэл шагай татах усгүй шахам болж, зарим газраа урсгал нь тасрахад хүрсэн нь юутай харамсалтай вэ. Энэ бол өнөө л алтны төлөөх хэт улангаслын балаг. Ноднин намар Баян-Уулдаа очиход Улз гол уран долгисоо хаялахаа болиод замагтай ногоон ус нь уйтгартай мэлтрэхийг хараад элэг эмтрэх шиг болсон. Бид багадаа зуны улиралд Улзынхаа хөвөөнд аргамжаатай юм шиг өнждөг сөн. Долоо, наймдугаар ангийн балчирхан хөвгүүд байтугай цэрэгт яваад ирсэн ахай нар зүрхшээгээд ойртдоггүй гүн цүнхээл олон байдаг байлаа, Улзад. Тийм эргүүлэг цүнхээлүүдэд ондатр тун элбэг сэн. Монголд байтугай дэлхийд нэн ховор тэр хоёр нутагтан амьтан Улз голд минь хаа сайгүй байлаа. Өвөл үе тэнгийн хөвгүүд бид эсгий гуталдаа тэшүүр хүлж аваад Улзын мөсөн дээр эцэж ядрахаа мэдэлгүй тоглоно. Тас нясхийн мөс хагарч, энд тэнд тошин хальж уур савсах нь сүртэй. Тошин хальсны маргааш толь шиг тэгшхэн хөлдсөн мөсөн дээр тэшүүрдэх урамтай. Мөн Жавартынхаа баруун зүүн энгэр рүү цанаар гулгах нь дуртай байлаа. Тийнхүү цаначин болно гэж мөрөөдөн хорхойсдог асан хөвгүүд бид Мардайгаас авчирсан орос цана мөн ч олныг хугалсан даа. Манай Баян-Уулынхны бахархал нь яах аргагүй спортын алдартнууд нь. Тэр тусмаа эрхий мэргэн харваачид. Баян-Уулын сурын зураахайгаас улсын наадмын зурхайд ид хав, цэц мэргэнээ гайхуулсан олон хавтай харваач төрсөн билээ. Дээхнэ үед Баян-Уулын артель, Эрээний тэрэгний үйлдвэрийнхэн сур харваагаар хоорондоо тун ширүүн өрсөлддөг байсан гэдэг. 1950,1960-аад оны үед сумын артелийнхан Улзын хөвөөний ногоон ширгэн дээр зураахайгаа засч сур харвадаг байжээ. Тэгээд л Эрээний тэрэгний үйлдвэрийн багийг урьж авчран харваж, цэцээ сорино. Ийнхүү Баян-Уулын эрхий мэргэн харваачдын оноо, мэргэ нь цэгцэрч жигдэрчээ. Эрээний тэрэгний үйлдвэрийн зураахайгаас тодорсон гарамгай мэргэн А.Цэвээн дөрвөн удаа, түүний хүү даян мэргэн Ц.Хүдэрчулуун болон гарамгай мэргэн Х.Даваажаргал, Ц.Гэнин, С.Долгормаа нарын хавтай мэргэн харваачид улсын баяр наадмын сурын харвааны түрүүг тус бүр гурван удаа аваад байгаа юм. Эдүгээ наян насны босго хол давсан ч ануухнаараа, сурын зурхайдаа эрээн нумаа эвшээлгэж, эвэр сумаа тавьсаар яваа гарамгай мэргэн А.Цэвээн баавай залуудаа Тамсагийн алдарт зургадугаар морьт дивизэд холбоочин явсан гэдэг. Манай Баян-Уулын харваачид дуут сумаар их харвадаг. Түүх, угсаатан зүйчид хорь буриадуудыг угсаа гарвал, амьдрал ахуйн олон шинжээр хүннү нартай адилтгасан байдгаас үзвэл энэ нь хүннүгийн дуут сумнаас эхтэй байж мэдэх юм. Хуучин нийгмийн үед Баян-Уулын Эрээн хороо, Эрээний тэрэгний үйлдвэр улсдаа алдартай байсан бол өнөө цагт энэ нутгийн эрхий мэргэн харваачид улсын наадмын зурхайд цэцээ гайхуулж байна. Эрээний нурууны өвөрт эхээс мэндэлж, Онон, Улзын усанд умбаж өссөн хөвгүүн нь өнгөрсөн намар олимпийн их наадмаас аваргын алтан медаль хүртэхэд Баян-Уулынхан минь магнай тэнийн баярласан билээ. Паралимпын аварга Д.Баатаржав Баян-Уулын Эрээн хорооны цэцэн мэргэн харваачдын уухайг сонсч, сурын зураахай дээр хавчаахай үүрээд гүйж явсан нэгэн билээ. Түүний аав улсын начин Д.Дамбадондог баавай Эрээний модны үйлдвэрт ажиллаж байхдаа Ононгийн усанд ганцаараа бүдүүн бүдүүн гуалин урсган зөөдөг байжээ. Ямар ч эртэй бяртай аавын хүү Дамбадондог баавайн энд хүрч чаддаггүй байсан гэдэг. Хүү нь паралимпын аварга болоод эх орондоо ирэхийн өмнөх өдөр нутгийн ахай Батсайханаар газарчлуулан Дамбадондог баавайнд очиж бяцхан ярилцлага авч байсан юм. Ерөн насны өлзийт босго давсан бууралхан баавай тэгэхэд баяр хөөрөө багтааж ядан байсан даа. Тэрээр “Нутаг ус минь, хүүгийн минь унасан газар, гэрийн буйр нь нүдэнд харагдаж байна аа” гээд нулимс унагаж суусан нь санаанаас гардаггүй. Унасан газар, угаасан ус, тоонот нутаг гэдэг ийм л гайхамшигтай. Хүн эхийн хэвлийгээс хүй тасарч унаад эх нутагтайгаа хүйгээр холбогддог буй заа. Тиймээс ч монголчууд хүй дарсан тоонотоо дээдэлдэг нь учиртай. Хүй дарсан чулуугаа тойрон аргамжаатай мэт эргэх хүний амьдралын тухай нэгэн нэрт найрагчийн сайхан шүлэг ч бий. Баян-Уул миний хүй дарсан тоонот биш ч гэлээ сэтгэлийн олон учгаар энэ сайхан нутагтай хүйн холбоотой мэт болжээ. Тиймээс ч би Баян-Уул миний нутаг хэмээн хаана ч гэлээ ам бардам хэлнэ ээ. Хүн зон нь найрсаг зочломтгой, ажилсаг, эршүүд, байгалийн үзэсгэлэн нь үнэхээр сэтгэл татам даа. Билгүүн номч Бямбын Ринчен гуай Баян-Уулд очоод, “Танай Баян-Уул Монголын хамгийн сайхан үзэсгэлэнтэй, хосгүй байгальтай сум” хэмээн айлдсан гэдэг. Их эрдэмтэн энэ үгийг зүгээр ч нэг амнаасаа унагаагүй биз ээ. Б.Ринчен гуайн бахархан хэлснийг баталсуу хэмээн Баян-Уулынхаа үзэсгэлэнт сайхан байгаль, уул, усыг дурдаад байвал барагдахгүй дээ. Манай сумын нутагт бол Онон, Улзын сав дагуух үзэсгэлэнт сайхан нуга хөндий, Хан Хэнтийн нурууны салаа салбар болсон уул, хөвчтэй. Ялангуяа Эрээний нурууны дагуурын шинэсэн ой үнэхээр гайхамшигтай бөгөөд дэлхийд ийм төрлийн шинэсэн ой тун ховор гэнэм. Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Өндөр довоос эх авч таван сумын нутаг дамжин урсах хавтгай цагаан Улз гол зөвхөн Баян-Уулынхан төдийгүй Хэнтий, Дорнодын зон олны шүтээн их усан. Монголын нууц товчоонд олонтаа нэр нь дурдагдаж, түүхэн үйл явдлын гэрч болсон энэ их усан Дорнод Монголын их талын хойморт дэлгэсэн амар амгалангийн цэнхэр хадаг билээ л. Улзын голын урсгалын чагнан түүхийн анирыг сэрээвээс найман зууны тэртээ Тэмүүжин, Тоорил нар нийлэн Алтан улсын Вангин чинсаны цэрэгт түрэгдэн ухарч явсан өст татааруудыг Улзын Нарст шүтээн хэмээх газар бут цохьсон сүрт тулааны уухай, илдний харшаан, эвэр сумны исгэрээн сонсдох буй заа. Тэр тулааны дараа Тэмүүжин татаарын бууцан дээрээс таж торгон өмсгөл, халиу булган хантаазтай таван настай хөвгүүнийг олж язгуур сайт хүний үр буй заа хэмээн Өэлүн эхэд асруулсан нь хожмоо Их Монгол улсын төрийн их заргач болсон Шихихутуг байлаа. Алтан улсын Вангин чинсан татаарыг даралцсаны төлөө Тэмүүжинд чаутхури буюу тэнгэрийн ноён, Тоорилд ван цол соёрхоод буцах замдаа Хэрлэн мөрний урд бие, өчүүхэн хүмүүн миний унасан тоонот Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Сэрвэн хаднаа татаарыг дарсан тулааны тухай сийлэн үлдээсэн нь өнөө ч хэвээр буй. Татаарыг дарсан Нарст шүтээн, Хуст шүтээн хэмээх газар эдүгээ Баян-Уул сумын нутагт бий. Энэ мэт эрт эдүгээгийн түүхийн улбаа мөрийг хадгалсан уул, ус Баян-Уулд олон. Сумын хамгийн өндөр цэг болох Бардан уулыг Есүхэй баатрын эцэг Бартан баатартай холбон домоглодог бол Өэлүн эхийн төрхөм олхонууд иргэдийн нутаг нь Баян-Уул сумын нутаг Орос, Монголын хилийн алтан босго болсон үзэсгэлэнт сайхан Ульхан Майхан уул билээ. Халх, буриад, хамниган, сонгоол зоны өндөр их язгуур, Бартан баатар, Өэлүн эх, Чингис хаан, Шихихутугын намтар түүхтэй холбоотой Онон, Улз нутаг ийм л арвин баялаг түүх домгийн өлгий. Уул, ус тэгширсэн энэ сайхан нутаг Хамаг Монголын үед Хабул хааны мэдэлд байсан бол Чингисийн үед Отчигин ноёны эзэмшил болжээ. Хожмоо Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүн, Саруул гүний хошуудын умар харуулын газар байсан гэдэг. Хэнтий, Дорнодын олон сумын нутгаар дайрч Номхон далай хүрдэг алдарт Чингисийн хэрмэн замын тухай Баян-Уулын баавай нар үлгэр, үнэн сүлэлдсэн сонин хачин түүх, домог хүүрнэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Сахалинд цөлөгдсөн монголчууд Номхон далайн эргээр урагшилж Чингисийн хэрмэн замын далайд тулсан хэсгээс баримжаа аван дагаж явсаар нутагтаа ирдэг байсан гэж өвгөд буурлууд хуучилдаг. Дайны үед Ульханаас Баянтүмэн, Өндөрхаан хүртэл хоёр чиглэлд сайжруулсан шороон зам тавьсан бөгөөд Баян-Уул сум Зөвлөлтийн дайчдын дамжин өнгөрөх түшиц газар болж байжээ. Оросуудын тавьсан тэр л шороон зам эдүгээ монголчуудын “аминд орж”, ойр холын явдал замын олон түүгээр л зорчих бөлгөө. Сүүлд шинээр гаргасан шороон замаар давхиад төөрч будилсан зам мэдэхгүй жолооч нарт бол тэрхүү хуучин засмал зүг чигийг заах алтан гадас л гэсэн үг. Харин Баян-Уулынхан бол нутгийнхаа хаана ч гэсэн нүдээ аниад ч болтугай давхихад төөрөхгүй дээ. Ер нь хөдөөгийнхөн тийм байдаг даа. Газар нутаг, уул усны баримжаа авахдаа гарамгай. Тас харанхуй шөнө мотоциклийнхээ гэрлийг асаалгүй давхиад сумын төвөөс хотондоо давхиад буучихдаг малчин захаас аваад таарна. Баян-Уул сумын хүн зоны дийлэнх нь буриадууд. Тэр дундаа хорь буриадууд зонхилно. Буриадууд энэ нутагт нүүдэллэн ирж суурьшсан нь бас л сэтгэл уярам, бахархам түүхтэй. Монгол түмний үсэрсэн цус, тасарсан мах буриадууд түүхийн их нугачаанд хэрхэн зовлон бэрхийг туулж эдүгээ цагт хэл, соёл, зан заншил, удам судраа хадгалан үлдсэнийг Баян-Уулынхны үүх түүх, уг судраас харж болно. Байгаль далай, Сибирийн их ой хөвчөөр нүүдэллэн аж төрж суусан буриад зон оросуудын хавчилга, шахалтад орсон тул 300 жилийн тэртээ Оросын нэгдүгээр Петр хаанд хандаж өршөөл ивээлдээ авахыг гуйжээ. Буриадын омог бүрийг төлөөлсөн ноёд олон хоног тэмцэн явж Петр хаанд бараалхаад, тэргүүнээрээ газар нүдэн мөргөж учир байдлаа тоочив гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Петр хааны эмэг эх Наталъя Нарышкина (Наран гэсэн монгол нэр) нь Чингис хааны ач Бат хааны удмын бүсгүй байсан тул тэрээр буриад монголчуудад ихээхэн элэгтэй хандаж, тэднийг дөрвөн цагийн эргэлтэд нутаг сэлгэн дураар нүүдэллэхийг зөвшөөрсөн гэдэг. Тиймээс буриадууд Өвөр Байгаль, Онон, Улзын сав нутгаар нүүдэллэж заримдаа бүр хятадын хил давах тохиолдол ч байжээ. Харин буриад зон Монгол нутагт суурьшсан 1910-1920 оны үед эдүгээгийн Баян-Уул сумын нутагт анх ирж гал голомтоо бадраасан хүмүүс бол Цэдэвийн Дэмбэрэлээр ахлуулсан Тэжийтэн хэмээх хуацай омгийн өрх айлууд байжээ. Нүүдлийг ахалсан Ц.Дэмбэрэл Петроградын гимназид сурч байсан эрдэм номтой, гүйлгээ ухаантай нэгэн байсан аж. Монгол нутагт ахуй амьдрал сайхан байгааг дуулсан буриадууд омог удам, ураг төрлөөрөө нийлэн нүүж Баян-Уулд нутаглажээ. Ардын Засгаас 1922 онд нүүн суурьшсан буриадуудыг Монголын харъяат болгох шийдвэр гаргасан ч уг шийдвэр нь хоёр жилийн дараа сая хэрэгжжээ. Онон Ага, Алхана, Баруун Тарь сумдыг нийлүүлэн Улз голын буриад хошууг байгуулсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ийнхүү хошууны нэр хэдэнтээ солигдож өөрчлөгдөн, засаг захиргааны хувьд салж нийлж байсан ч Баян-Уул сум байгуулагдсан түүхэн он цаг нь 1924 он гэж үздэг. Тэр үед жанжин Д.Сүхбаатар, зохиолч С.Буяннэмэх нар Баян-Уулд ирж Улзын Тээгийн толгой орчимд ард иргэдтэй уулзаж байсан тухай домог мэт яриа бий. Сүх жанжин элэг нэгт буриад зон монгол нутагтаа сайн сайхан, элбэг дэлбэгээр аж төрөх болтугай гэсэн сайхан үг хэлсэн гэдэг. Тиймээс Улзын буриадууд “Ардын засгаас хайрласан Архан Улзын гоё гээш нь” хэмээн дуулдаг байжээ. Ийнхүү өвөг дээдсийн унаган нутаг, элэг нэгт монголчуудаа түшсэн буриад зон Онон, Улз нутагт аж төрөн суух болсон юм. Тэд анх Монгол нутагт ирээд өсч төрсөн нутгаа их санагалздаг байжээ. Тиймээс Алханын өврөөс нүүж ирсэн буриадууд Алхана уулынхаа нэрээр зарим газар усыг нэрлэсэн нь бий. Мөн нутгийн эртний тахилгат Баян хан уулыг тайж тахихдаа Алхана овооны тахилгын судрыг ашигладаг байсан гэнэм. Шашин шүтлэг хориотой байх үед Баян хан уулын нэрний “хан”-ыг нь зориуд гээж албаны бичиг дансанд Баян-Уул хэмээн тэмдэглэх болсон юм. 1992 онд Баян хан уулын тахилгыг анх үзэж байснаа мартдаггүй. Баян хан уул сумын төвөөс хориод километр зайтай. Овооны тахилгад оролцохоор анд Жавхлантайгаа хамт унадаг дугуйтай гарч өглөө. Овоонд өргөх ааруул, ээзгий, идээ будаагаа дугуйндаа ганзагалачихсан. Хоёул амьхандаа их л эрт гарсан юм. Явсаар бага үдийн алдад Баян хан уулынхаа бэлд очлоо. Цөөн хэдэн морьтон уулын мод руу явж орсныг эс тооцвол овооны наадамд ирж байгаа амьтан хүн ер харагдсангүй. Бид хоёр ч түрүүлээд ирчихлээ дээ гэсэн шүү юм бодсоор уул өөд мацав. Дунд хэрд нь дугуйгаа орхиод дээш авирлаа. Гэтэл юун түрүүлэхтэй манатай. Баян хан уулын их овоонд хүн, морь багширч хөл тавих зайгүй байна. Тахилга аль хэдийнэ эхэлжээ. Ийнхүү овооны тахилга гээчийг анх удаа үзэж билээ. Овооны тахилга гэснээс манай Баян-Уулд явган Балдорж гэж сонин хүн байлаа. Тэрээр нэг ёсондоо орчин цагийн бадарчин байжээ. Том үүргэвч үүрч хоёр саваа бариад л хээр хөдөө, уул овоо хэснэ. Хааяа сумын төвд ирчихсэн явж байх нь харагдвал хүүхдүүд дагаж гүйгээд л сүйд болно. Мөнхийн Балдорж хэмээх тэр хачин хүн үнэндээ тун их буянтан байжээ. Тэрээр уул, хадаар хэрэн явж ховор сонин зүйл, түүх соёлын дурсгалт эд өлгийг цуглуулан сум, орон нутгийнхаа музейд тушаадаг байсан гэдэг. Мөн маш чухал нандин олдворыг ШУА-д авчирч өгдөг байсан аж. М.Балдорж гуай нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, Н.Сэр-Оджав нартай танил дотно бөгөөд тэдэнд олсон зүйлээ өгч байсныг манай нутгийн яруу найрагч, эрдэмтэн Тойсомын Галсан баавай оюутан байхдаа нүдээр харсан тухайгаа бичсэн байдаг юм. Явган Балдоржийн Х.Пэрлээ гуайд өгсөн ховор сонин олдвор нь чулуун гамбанз, ганжин зэрэг зүйл байжээ. Манай Баян-Уулд энэ мэт сонин хачин хүмүүс, түүх домог болсон алдар цуутан олон. Хөдөлмөрийн баатар Ц.Төмөр баавай 1932 оны эсэргүү бослогыг дарахад хуягт тэрэг жолоодож явсан бөгөөд түүний холбоочин нь дээр өгүүлсэн нэрт эрдэмтэн Х.Пэрлээ байсан гэдэг. Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн адуучин явсан Д.Жамъян, маршал Г.Дэмидийн жолооч байсан Д.Дугаржав, хоригдол байгаад маршалын гуталчин болтлоо дэвшсэн Н.Итгэл нарын сонин содон түүх намтартай хүмүүс олон байв. Н.Итгэл баавай нутагтаа ирээд сумандаа гутлын тасаг байгуулсан түүхтэй. С.Гомбо баавай 1950-иад оны үед сумандаа бие даасан номын сан байгуулж хотоос шууд ном, хэвлэл татан авчирч нутаг усныхандаа соёлын үр, номын гэгээг түгээж байжээ. Сэлэнгэ нутгийн уугуул Д.Санжаадамба баавай цэргийн албанд татагдан зүүн хязгаарт ирээд Баян-Уул суманд суурьшсан бөгөөд Амарбаясгалан хийдэд шавилан сууж, дорно дахины анагаах ухаан, ага тарнийн ёсонд нэвтэрч оюун билэг нээгдсэн нэгэн байв. Түүний хүү нь сансарт нисэх анхны багийн гишүүн болж бэлтгэгдэж байсан С.Сайнцог хурандаа юм. Ийм л түүх намтар арвин, бахархал дүүрэн зон олон уртхан Улзаа түшин аж төрсөөр иржээ. Улз нутгийнхан дуучдаараа алдартай. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Д.Дашням гээд баргил хоолойтнууд Улзын усаар ундаалж өсчээ. “Нисэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Нас тогтох сайхан” зэрэг олон дуугаараа ард түмний сэтгэлд мөнхөрсөн гавьяат жүжигчин Д.Дашням Баян-Уулын уугуул билээ. Эдүгээ ДБЭТ-ын дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Долгормаа Улзын дуучдын шийрийг хатааж сонгодог урлагт нэрээ дуудуулж явна. “Эреэтэйхэн Улзайнгаа Элиhэтэйхэнш харгуйе мартаагүйб Өвгөн буурал болоошхаа Үеийнгээ нүхөдийе мартаагүйб, мартаагүйб…” хэмээн Улз нутгийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Батцэрэн баргил хоолойгоор дуулахад нулимс огшдог юм. Тийм ээ, мартаагүйб даа. Багахан насны минь баяр жаргал, идэрхэн насны исгэлэн халуун дурсамжийг тээсэн Баян-Уулаа мартаагүй ээ. Нутгийн алтан дээс болсон Энх өндөр уул униар зэрэглээн дундаас торолзон угтнам билээ. Морин зөргөөр навчис урсах дуулимхан төгөлд улаалзай дэлгэрч, мөнгөн долгиотой Ононы Мянган мөчрийн тохойд нь монос цэцэглэж байгаа даа, өдийд. Улзын ногоон хөндийд зусландаа буусан айлын модон байшингаас өглөө эрт шингэн цэнхэр утаа суунаглахыг харах ч сайхан даа. Давхиад буух юм бол пийшин дээрээ халуухан япоошиг жигнэж, шинэхэн сүүгээ машиндан зөөхий цохиж байх вий. Шинэхэн нэрмэлийн охь дээжлэн “Баригты” хэмээн дайлах нь буриад зоны эрхэм ёс оо. Баян хан уулаа түшсэн баялагхан түүхтэй, бахдам авьяастай зон олондоо “Мэнд амоор” хэмээн мэндчилмүү.
© Khori Buriad
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог

Сэтгэгдэлүүд:
chamd mash ih bayarlalaa. Uneheer setgel hodoltol bishhen bn.
Bi jinhene bayan-uuliin ulziin ereg deer osson basgan bnaa, nudend haragddal yagaash goyor bisheev daa. Nutag ornoosoo hol yavaa nadad iim l yum hamgaas saihan bn. Thanks again, good luck
Сэтгэгдэл үлдээх: