С.Удвал ахайтны санаачлан сүндэрлүүлсэн уран зохиолын их өргөөний үүднээс бидний аялал эхэллээ. Сүүлийн хэдэн өдөр Хэнтийн Батширээтээс чих амраалгүй утасдсан яруу найрагч Д.Гансүрэн ахайтан биднийг өглөөний 6.00 цагт Монголын зохиолчдын эвлэлийн үүдэнд бэлэн байхыг үүрэгдсэн билээ. Товлосон цагтаа зохиолч, яруу найрагчид бүрэн цугларав. Санжийн Пүрэв баавай тамхиа баагиулан хүд хүд инээн, онгодтой, омголон найрагч Ламжавын Мягмарсүрэн ах урт шаргал үсээ намируулан алхаж, нөхдөө хөгжөөн дуу шуу болж байгаа харагдана. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй, яруу найрагч Д.Баянтунгалаг, М.Амархүү гээд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан найрагчидтай холын замд дөрөө харшуулах болсондоо олзуурхан зогслоо. Удалгүй “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир найрагч хүрэлцэн ирснээр манай багийнхан бүрдэв. А.Эрдэнэ-Очир ах бид хоёр ийнхүү Хэнтийн Батширээт рүү гурав дахь удаагаа аяны дөрөө нийлүүлэх гэж байгаа нь энэ.
Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт очно гэхээс нойр үл хүрэн сэрвэлзэж хоносон нь ганц би биш ажээ. Тиймээс ч Батширээтийг зорих 30 гаруй найрагч ургах нартай уралдан барс цагт яаран цугларсан ажгуу. Ингээд бид Д.Гансүрэн найрагчийн командын дор утаа, шуугиант хотоос сугаран, униарт цэнхэр хөвчийг зорилоо. Ийнхүү бид Монголын их утга зохиолын хойморт хүндэтгэлтэйгээр заларсан уран үгийн дархан, нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдорж гуайнхаа 75-ны сүүдэр тохиосны ойд зориулсан “Онон хатан ижий” яруу найргийн наадамд оролцохоор Онон хатан мөрнийг зорин мордов.
“Цалгих долгио тасраагүй
Өргөн Ононы урсгал
Цагийн уртад замхраагүй
Өнө холын дуртгал…” хэмээн хэн нэг нь Н.Нямдорж гуайн алдарт шүлгийг эхлэхэд бусад нь
“Хашин харын хатирсан
Хаа эртний харгуй
Хаврын эхээр дэлгэрсэн
Хавтай цэнхэр яргуй…” хэмээн түрэн уншина. Агуу их Нямдоржоор “амьсгалах” өдрүүд ийн эхлэв. Санжийн Пүрэв баавайн ажиллаж амьдарч байсан уурхайн хотхон Налайх, Доржийн Гармаа гуайн төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэ сум, их Нацагдоржийн тоонот Багануур, Гүн Галуутайгаар дайран алдарт Хэрлэн мөрнийг гаталсаар Явуу найрагчийн шүлэгт мөнхөрсөн Цэнхэрмандал орлоо. Энэ жил бороо хур элбэг, хангай дэлхий дэлэгнэж, зуншлага сайхан байгаа ажээ. Цэнхэрийн гуанзанд дөрөө мултлан үдлээд цааш хөдлөхүй мөн л найрагчдын тухай яриа, найраг шүлэг ундрав. Хэнтийн аймгийн Жаргалтхаан сумаар дайран өнгөрөхөд авьяаслаг яруу найрагч, орчуулагч Шаравын Цэндгомбо агсны тухай дурсамж яриа өрнөлөө. Ш.Цэндгомбо найрагч нэгэн өвөл Жаргалтхаан суманд ажлаар иржээ. Зочид буудал нь хүйтэн, үйлчлэгч нь янз муутай байсан юм даг уу даа. Тэгэнгүүт нь яруу найрагч маань,
”Жаргалтхааны хөндий жавартайхан байна
Аргалтайхан айлууд нь жаргалтайхан байна” хэмээн шүлэглэсэн гэдэг. “Тэрсүүд найрагч Цэндгомбыг тэнгэр л ганцхан дийлнэ” хэмээн залуу насны ааг омгоор бичиж туурвиж явсан энэхүү яруу найрагч, дуун хөрвүүлэгч бээр бидний зорин яваа Хэнтий аймгийн Батширээт сумын унаган хөвүүн билээ. Батширээт гэмээнэ уран үгийн олон дархчуудыг төрүүлсэн, онгод найргийн авшигтай нутаг. Нэрт зохиолч Батын Нямаа, төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, нэрт яруу найрагч Ц.Цэдэнжав, Ш.Цэндгомбо, Л.Нямаа, Н.Ням-Осор, Д.Дашшарав, Б.Одгэрэл, Д.Гансүрэн гээд л энэ сумаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч олон. Энэ жил Нямбуугийн Нямдорж найрагчийн 75 насны ой тохиож буйг, уг ойд зориулсан “Онон хатан ижий” яруу найргийн наадам болох гэж байгааг Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт сумынхан нэлээд эртнээс дуулж мэджээ.
Их найрагчийн нутаг Батширээт сумын хилийн дээс алхмагц хангай нутгийн өтгөн сахлаг өвс ногоо, уул, ус жигдэрсэн байгалийн сайхан нь сэтгэл булаана. Эртний түүхт Хорхунаг Жубур буюу Хурхын голын хөндий ёстой л хүн малын жаргалын орон. Хамаг Монголын Хотул хааны үеэс энэ уудам хөндийд эсгий туургатны овог аймгууд нүүж сууж байсныг түүхчид нотолсон байдаг. Чингисийн үеийн түүхэн үйл явдлуудын анирыг ч энэ хөндий хадгалан буй бөлгөө. Оройн саалийн цаг таарсан тул Хурхын голын хөндийд хаа сайгүй аргалын шингэн цэнхэр утаа суунаглана. Харуй бүрий болохоос өмнө Бархын голоо гатлах гэж яарсан тул манай жолооч хурдаа хасах тун дургүй. Харин манай багийнхан ус гол таарах бүрт бууж суун, айл дайралдвал ороод гарахаас ч татгалзахгүй шинжтэй. Тийн давхиулж явтал нэгэн “морьтон” Хурхын голын хөндийгөөр тоосруулан давхисаар биднийг угтан ирэв. Батширээтийнхний элч төлөөлөгч сумынхаа хилийн зааг дээр даруй 60-70 километр алсаас биднийг угтаж байгаа нь энэ. Тэр элч төлөөлөгч нь зохиолч, яруу найрагч нөхдийнх нь Баахалдай буюу баавгай гэж авгайлдаг Н.Ганболд ах маань байв. Хөвчийн хүрэн баавгай шиг хүдэр чийрэг энэ эр яруу найрагч Д.Гансүрэнгийн дотнын анд нь. Шүлэг зохиол бичдэггүй ч шимтэн сонсож, мэдэрч чаддаг нэгэн. Тиймдээ Батширээтэд хөл тавьсан зохиолч, найрагч хэнийг ч болов хөл алдан угтаж нутгаа танилцуулж, хүндэтгэн дайлж цайлж, чин сэтгэлээсээ үйлчилдэг билээ. Баахалдай ахай мотоциклийнхоо ард хуванцар савтай шимийн архи ганзагалачихаж. Яруу найрагчдадаа нутгийн идээ амсуулнаа гээд л хөөр болж байна. Та нарыг Цэнхэрийн гуанзан дээр ирээд байна гэж дуулаад л тосоод гарсан минь энэ гэнэ. Бараг 70 километр газар мотоцикльтэй жирийлгэсэн аж. Найрсаг зочломтгой буриад зон найрагч нөхдийг маань ийнхүү хүндэтгэн угтлаа.
Элч төлөөлөгчөө тосгуулж илгээсэн Батширээт сумын удирдлагууд Бархын голынхоо урд биед биднийг хүлээж байв. Найргийн хоймор Батширээт нутаг нарсан ойн шуугиан, хус моддын сэржигнээ, Онон, Бархын долгисоороо сэтгэл догдлуулан угтав.
Бидний очсоны маргааш буюу долдугаар сарын 25-нд “Онон хатан ижий” яруу найргийн наадам эхэллээ. Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит найргийн наадам энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байгаа нь энэ. Н.Нямдорж найрагчийн гэргий Дуламханд болон үр хүүхдүүд нь аавынхаа нэрэмжит наадмыг ивээн тэтгэж оролцохоор Улаанбаатараас хүрэлцэн иржээ. Батширээтийнхэн сумын наадам үзэх гэж буй мэт гоён, нутгийнхаа их найрагчийн нэрэмжит уран үгсийн наадамд хүрэлцэн ирсэн байв. “Онон хатан ижий” найргийн наадамд оролцохоор хот, хөдөөгийн 34 найрагч нэрээ бүртгүүлжээ. Тэдний дотор Н.Нямдорж найрагчийн дотнын анд, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан сумаас ирсэн таван найрагч яах аргагүй хүндтэй зочдын тоонд багтаж байв. “Онон хатан ижий”-д шүлгийн цацлага өргөх найрагч бүхэн арав арван ном ганзагалан ирж Батширээт сумын соёлын төвийн номын санд хандивласан нь хамгийн гэгээн өглөг байв. Монголын зохиолчдын эвлэл ч сумын номын санд олон сайхан ном хандивласан. Ийнхүү Батширээт сумын номын сан 200-гаад номоор сан хөмрөгөө арвижуулсан нь номонд шимтэх залуус, хүүхдүүдийн оюуны нахиаг дэлгэрүүлэх буянтай үйлс болсон юм. Найргийн наадмын үйл ажиллагааг сурвалжлан бүрэн бичлэг хийсэн “Монгол” телевизийн сэтгүүлч Б.Занданхүү өөрийн үүсгэн байгуулсан сангаасаа 500 мянган төгрөгийг Батширээтийн номын санд хандивлаж, уг мөнгөөр орчин үеийн уран зохиолын чиг хандлагыг тодорхойлох хамгийн сайн номуудыг худалдан авч илгээхээ мэдэгдсэн нь баяр дээр баяр нэмэв.
Ерөнхий шүүгчийн нажидтай албанд томилогдсон Арлааны Эрдэнэ-Очир найрагч “Онон хатан ижий” найргийн наадмын салхийг хагалж үг хэллээ. Тэрээр Н.Нямдорж найрагчийн тухай нандин дурсамж хуучилсэн нь “Сайн номыг олныг худалдан авч хадгалж байгаарай. Дараа нь хүнд бэлэглэдэг юм” хэмээн Н.Нямдорж гуай түүнд хэлж байсан гэнэ. Түүнээс хойш А.Эрдэнэ-Очир найрагч хаа газрын номын сан, сумын төвийн дэлгүүрийн агуулахыг ухан сайн номыг олноор худалдан авдаг болжээ.
Ингээд найргийн наадам эхэллээ. Гурван үе шаттай наадмын дүн гарахад Н.Нямдорж найрагчийн шавь, яруу найрагч Балдансодномын Энхжаргал тэргүүн байр эзэллээ. Тэрээр Хан Хэнтийн хөвч, хатан Ононы хөвөө Биндэр нутагтаа аж төрөн сууж, уран бүтээлээ туурвидаг нэгэн. Ерэн насны сүүдэр зооглосон бууралхан ижийгээ асарч, буйд хөдөөдөө найргийн шадаа хэлхэн суух энэ эгэлхэн найрагчийн шүлгүүд яах аргагүй хурц соргог мэдрэмжээрээ бусдаас ялгарч байв. МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй “Онон хатан ижий” найргийн наадмын дэд байрыг хүртэв. Орчуулгын олон бүтээлүүд хийгээд омголон задгай шүлгүүдээр нь энэ эрхмийг уншигчид андахгүй. Найргийн наадмын гуравдугаар байрыг Н.Нямдорж найрагчийн шавь, Батширээтийн унаган найрагч Дугаржавын Гансүрэн хүртлээ. Тэрээр цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутгийн шүлэгч. Хөдөө суугаа ч хотын шүлэгтэй нэгэн. Оны өмнөхөн хэвлүүлсэн “Дүрслэлүүд” ном нь түүнийг хэв загварт баригдах дургүй, дэг журамд захирагдах хүсэлгүй тэрслүүхэн буриад болохыг илтгээд өгнө. Найргийн наадмын тусгай шагналыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг нар хүртэв. Ж.Баяржаргал найрагчийн онгодтой, галтай шүлгүүдийг сонссон батширээтийнхэн алгаа хорстол ташиж, Д.Баянтунгалаг найрагчийн гэгээн уянгыг амьсгал даран чагнаж байв. Найрагчид төрүүлсэн нутаг усны зон олон найргийн мэдрэмжтэй байхаас яахав. “Онон хатан ижий” наадам ийн өндөрлөв. Р.Чойном найрагчийн нутгаас зорин ирж энэ наадамд шүлгээ уншсан яруу найрагч Жамбалдорж нэг ангийн нэг ширээнд тохой залган сууж асан Хан Хэнтийн хоёр их найрагчийн тухай сэтгэл хөдлөн ярьж, Батширээт сумын номын санд номын дээж бэлэг болгон барьсан. Нэгэн цагт Р.Чойном найрагч,
“Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт
Цэцэн боржигины Чойном өртэй үлдэж болохгүй…” хэмээн бичсэн нь учиртай буй заа. Юутай ч Чойномын нутгийн залуухан шүлэгчид Нямдоржийн нутагт ирж найргийн дугараа өргөсөн нь сайхан учрал билээ. Ийнхүү уран бүтээл, номын хуримд газар газрын найрагчдыг уулзуулж, найргийн түүдгийн дэргэд зон олонтойгоо учрах завшааныг олгосон бүх хүмүүст талархал илэрхийлэх учиртай. Яруу найрагч, зохиочид Батширээт сумын Засаг дарга М.Болд, түүний Тамгын газрын хамт олон, Монголын зохиолчдын эвлэлийнхэнд баярласнаа илэрхийлснийг уламжилъя. Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадмыг “Альфа моторс” компанийн захирал Ч.Ганхуяг гурав дахь удаагаа ивээн тэтгэснийг ч энд дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: